+976 - 70273346,    70273705
“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ - ЭХ, НЯРАЙ, НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД” АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨН

Монгол улсын хэмжээнд “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго-2030”, “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”, “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр зэрэг эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар дэвшүүлсэн зорилт, Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/318 тоот тушаалаар батлагдсан журам, 2021 оны А/760 тоот тушаалаар батлагдсан “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” арга хэмжээний төлөвлөгөө хэрэгжиж байгаа хэрэгжилтийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилт-Эх, нярай,нөхөн үржихүйн эрүүл мэнд” аймгийн зөвлөгөөнийг 2 өдөр зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Эх барих, эмэгтэйчүүд, Нярай судлалын холбооны тэргүүн, Монгол улсын зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор Б.Жаргалсайхан, Амгалан амаржих газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн зөвлөх эмч С.Энхтуяа нар болон  аймгийн удирдлагууд, төрийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн нийт 100 холбогдох эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.

Аймгийн Засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн салбарын удирдлагууд, эх барих, хүүхдийн эмч, эх баригч нар эх, нярай, нөхөн үржихүйн чиглэлээр салбарт тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлж, цаашид шийдэх арга замыг 2 салбар хуралдаанаар зохион байгуулж, хэлэлцүүлэн нэгдсэн зөвлөмж гаргалаа.

Зөвлөгөөний 2 дахь өдөр нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж дүгнэлт, зөвлөмжийг гарган, санал солилцлоо.

“Эх, хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашид хэрэгжүүлэх арга зам” сэдвээр Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа илтгэл мэдээлэл хийлээ.

Аймгийн тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг зөвлөгөөнд оролцогч нарт хандан үг хэлээд, салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж тэргүүн туршлагыг нэвтрүүлж буй Сүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч Д.Дарьбадам, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эх баригч  Х.Янжин, Ц.Хандсүрэн нарт баяр хүргэн, аймгийн Засаг даргын Хүндэт жуухыг гардуулан өглөө.

Зөвлөгөөнд амжилт хүсээд АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр  орон нутгийн түвшинд баримталж буй бодлого, шийдвэр, анхаарах асуудлууд” сэдвээр илтгэл, Эх барих, эмэгтэйчүүд, Нярай судлалын холбооны тэргүүн, Монгол улсын зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор Б.Жаргалсайхан “Эх барихын шалтгаант үжил, орчин үеийн эмчилгээ, чиг хандлага”, Амгалан амаржих газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн зөвлөх эмч С.Энхтуяа “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж”, “Дутуу болон бага жинтэй нярайн менежмент” сэдвээр илтгэл мэдээлэл хийлээ.

Нийгмийн бодлогын хэлтсийн дарга болон холбогдох удирдлагууд нийт зөвлөгөөнд оролцогч эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтэн нартай уулзалт зохион байгуулж, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар саналыг сонсож, харилцан ярилцлаа.

Салбар хуралдаанаас гарсан нэгдсэн зөвлөмжийг танилцуулж, санал авч, баталгаажууллаа.

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО - ЭХ, НЯРАЙ,НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД”  ЗӨВЛӨГӨӨНИЙ ДАВУУ ТАЛ:

  1. Эрүүл мэндийн салбарын эх барих, нярай, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг хариуцан ажилладаг анхан болон лавлагаа шатлалын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг оролцуулсан зөвлөгөөнийг 2 өдөр зохион байгуулж, эхний өдөр салбар хуралдаан зохион байгуулж, багаар ажиллуулж, тулгамдаж байгаа асуудлыг гаргуулан шийдэх арга замыг тодорхойлсон.
  2. Аймаг, сумдын Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын Эрүүл мэндийн төвийн түвшинд цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлон нэгдсэн зөвлөмж гаргасан.
  3. Аймгийн удирдлагуудтай уулзаж, тулгамдаж байгаа асуудлаа гарган шийдэх арга замаа хамтран хэлэлцсэн.
  4. Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвд шийдүүлэх, хийж хэрэгжүүлэх ажлын саналыг албан бичгээр хүргүүлсэн.
  5. Шинэлэг арга барилаар зохион байгуулсан өвөрмөц зөвлөгөөн болж өндөрлөсөн.

 

 

НИЙТЭЛСЭН: 2022-10-26 00:51:33