+976 - 70273346,    70273705
ЭМНЭЛГИЙН АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ЦЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

 

       Улсын онцгой комиссоос 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өгсөн үүрэг даалгаврын дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын 3 багийн нутаг дэвсгэрт гарч буй гал түймрийг унтраах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Эмнэлгийн анхан шатны тусламжийн бэлэн байдлыг хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүн батлах тухай” тушаалаар ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасгийн эрхлэгч Э.Галбадрах, Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хор судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга С.Юндэн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дарга Л.Баттөр, НЭМҮТ-ийн тандалт судалгаа, хордлого, цацрагийн шуурхай албаны дарга Р.Даваадорж, Цэргийн төв эмнэлгийн дарга Ч.Гүрбазар нар ажиллаж байна.

“Цагаан нуга” дахь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх цэг нь гал түймэр унтрааж буй багт болзошгүй эрсдлээс үүссэн түлэгдэлт, угаар, хэт халууны шалтгаант хордлогын үед анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хордлогын төв, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг чиг үүргийн дагуу мэргэжсэн тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Одоогийн байдлаар тус цэгт Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, Арьс, Мэс засал, Уламжлалтын их эмч, сувилагч болон Батсүмбэр сумын эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар ажиллаж байна. 3 хэсгийн 150 хүнд үзлэг, оношилгоо хийснээс 83 хүнд  эмийн эмчилгээ, хордлого тайлах эмчилгээ хийж, хэсэг газрын шархны анхны цэгцлэлтийг газар дээр нь хийж,  анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. Нийт үзлэгт хамрагдсан хүмүүсээс толгой өвдөх, ханиалгах, даралт ихсэх шинж тэмдэг дийлэнх хувийг эзэлж байна. Одоогоор түлэгдэлт,  осол гэмтэл, олныг хамарсан өвчлөл гараагүй  байна.

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-07-18 12:04:48