+976 - 70273346,    70273705
“ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД-ТАНЫ ГАРТ” 1 САРЫН АЯН ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

“Дэлхийн гар угаах өдөр”-ийг угтаж  аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/530 тоот захирамжаар батлагдсан “Таны эрүүл мэнд-Таны гарт” сэдэвт 1 сарын аяны үйл ажиллагааг эрчимтэй хэрэгжүүллээ.

Уг аяны гол зорилго нь гар угаах орчин нөхцлийг сайжруулах, нэмэгдүүлэх, гэр бүлийн гишүүн бүрийг гараа тогтмол зөв угааж хэвшүүлэх замаар халдварт өвчлөлийг бууруулахад шинжлэх ухааны үндэслэлтэй, маш сайн үр нөлөөтэй, өртөг зардал багатай гэдгийг харуулах явдал юм.

Аяны хүрээнд албан байгууллага, ЕБСургууль, цэцэрлэг, айл өрх гэсэн чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж, мөн болзолт уралдаан зарлан шалгаруулснаас  гадна, зорилтот 50 өрхөд Дэлхийн Зөн ОУБ-ын Төв ОНХХ-тэй хамтран угаалтуур, усны сав, ахуйн цэвэрлэгээний бодис олголоо. Эдгээр өрхөөс эрүүл ахуйн орчин нөхцлөө сайжруулсан эсэхийг айлуудаар явж хяналт хийн, 1 өрхийг тодруулж, Дэлхийн Зөн ОУБ-аас хагас автомат угаалгын машинаар шагналаа.

Зуунмод сумын 30 байгууллагад ажилчдын гар угаах орчин нөхцлийг сайжруулах уриалга бүхий дэвтэр аялуулж, мөн 23 байгууллагаар явж зарим ажилчдын гар болон гар ихээр хүрэлцдэг орчноос гэдэсний бүлгийн савханцар нян илрүүлэх арчдасын шинжилгээ авч, хариуг гаргалаа. Ажилчдыг гар угаах орчин нөхцлийг сайн бүрдүүлсэн төдийгүй лабораторийн шинжилгээгээр гэдэсний бүлгийн савханцар нян нэг ч илрээгүй байгууллагаар Улсын бүртгэлийн хэлтэс тодорч, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнав.

Мөн цэцэрлэгүүдийн дунд “Таны эрүүл мэнд-Таны гарт” аяны хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дүгнэж:

-Шилдэг цэцэрлэгээр: 1. Ариунаа эрхлэгчтэй “Хүмүүн” цэцэрлэг

2. Мөнхтуяа эрхлэгчтэй Ирээдүй цогцолбор цэцэрлэгийн “Оюуны ундраа” цэцэрлэг

- Цэцэрлэгүүдээс шилдэг ангиар:

1. Бумбардай цэцэрлэгийн Лайжинханд багштай “Дунд бүлэг”

2. Дэгдээхий цэцэрлэгийн Баттүвшин багштай “Ахлах бүлэг”

3. Бүжинхэн цэцэрлэгийн Уранчимэг багштай “Бага бүлэг” тус бүр шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр урамшууллаа.

ЕБСургуулийн ахлах ангийн сурагчдын дунд гар угаах арга, дарааллаар флаш моб бүжгийн уралдаан зарлаж, 7 ангийн 170 гаруй хүүхэд оролцлоо:

1-р байрт: 5-р сургуулийн 10а анги

2-р байрт: Хүмүүн цогцолбор сургуулийн 10ё анги

3-р байрт: Хүмүүн цогцолбор сургуулийн 12в анги,

Дунд ангийн сурагчдын дунд “Цэвэр гар” сэдэвт гар зургийн уралдаан зарлаж нийт 92 хүүхдийн зургийн бүтээл ирүүлснээс:

1-р байрт 5-р сургуулийн 9а ангийн сурагч Б.Манлайдорж

2-р байрт: 4-р сургуулийн 9а ангийн сурагч Б.Очирбат

3-р байрт: 4-р сургуулийн 9а ангийн сурагч Д.Энхмэнд нар эхний байруудад шалгарав.

Бага ангийн сурагчдын дунд “Гараа зөв угаах” дарааллаар болзолт уралдаан зарлан шалгаруулав. Үүнд:

1-р байрт: 5-р сургуулийн Баасанжав багштай 5а анги

2-р байрт: Хүмүүн цогцолбор сургуулийн Ариунбаяр багштай 2г анги

3-р байрт: 4-р сургуулийн Оюунбилэг багштай 3а ангийн хүүхдүүд шалгарч тус бүр өргөмжлөл, Дэлхийн зөн ОУБ-ын Төв ОНХХ-өөс хүүхдүүдийг дэлхийн шилдэг уран зохиолын номоор урамшууллав.

Мөн аяны хүрээнд аймгийн төвийн 2 телевизээр гар угаах, гар яаж бохирддог вэ гэх мэт 4 төрлийн шторк, гар угаах ач холбогдлын талаар “Танай гэр бүлийн эрүүл мэндийн зөвлөгөө”-г 600 ш хэвлэн иргэдэд тараасан.

Аяны лого бүхий уриалга стикер наалтыг 500 ш хэвлэн байгууллага, сургууль, цэцэрлгийн гар угаах хэсэг болон хаалганд наасан.

“Дэлхийн гар угаах өдөр”-ийн тохиолдуулан “Таны эрүүл мэнд-Таны гарт” аяны хаалтын үйл ажиллагаа, өдөрлөгийг 10 дугаар сарын 13-ний өдөр Зуунмод сумын Мөнх-Алдарын талбайд тэмдэглэн өнгөрүүлж, аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, сургууль, цэцэрлэг, албан байгууллагын нийт 400 гаруй хүн оролцлоо.

Аймгийн хэмжээнд аяны үйл ажиллагаа идэвхитэй явагдсан бөгөөд 26 сумын тайлан мэдээ нэгтгэгдэж байна.

НИЙТЭЛСЭН: 2017-10-19 17:33:32