+976 - 70273346,    70273705
“АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦООНД КОВИД-19 ХАЛДВАРЫН ТОХИОЛДЛУУДЫН ЭМНЭЛЗҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ УДИРДАХУЙ”, “ХҮЧИЛТӨРӨГЧ ЭМЧИЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хүүхдийг Ивээх Сан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол Улсад КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархварзүйн хяналтыг дэмжих нь” АНУ-ын FHI 360 (Family Health International) байгууллагатай хамтран 2022 оны эхнээс хэрэгжүүлж байна.

 Төслийн хүрээнд Монгол орон даяар “Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд КОВИД-19 халдварын тохиолдлуудын эмнэлзүйн тусламж үйлчилгээг удирдахуй, Хүчилтөрөгч эмчилгээ” сургалтыг 2022 оны 6-9 дүгээр сард зохион байгуулж, Улсын Хоёрдугаар төв эмнэлэгийн сургалтын танхимд 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 09-ны өдөр хүртэл Төв аймгийн Эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнүүд, 27 сумын Эрүүл мэндийн төвийн 54 эмч, эмнэлгийн мэргэжилтэн нийт 58 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тус сургалтад хамрагдлаа.

Нийт 3 өдрийн онол, дадлага хосолсон сургалтыг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, сургагч багш н.Алтансүх, Хоёрдугаар төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, сургагч багш н.Уламсайхан, Шастины нэрэмжит Гуравдугаар төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, сургагч багш н.Янжив болон төслийн зохицуулагч Б.Гантулга нар удирдан  сургалтыг гардан зохион байгуулсан.

Сургалтад хамрагдсан 27 сумын Эрүүл мэндийн төв, өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд төслийн зохицуулагч Б.Гантулга болон бусад сургагч нар сургалтын ном болон бусад хэвлэмэл материалуудыг хүлээлгэн өгч, цаашдын ажилд нь амжилтыг хүслээ.

Төслийн хаалтын арга хэмжээг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулан Эрүүл мэндийн яамны удирдлагууд, АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн-цэргийн харилцааг дэмжих нэгжийн эмнэлгийн тусламжийн зөвлөх Оустин Льюс, Марк Абрахан нар, Эрүүл мэндийн төслийн зөвлөх багш нар, Хүүхдийг Ивээх Сангийн ажилтнууд оролцон сургалтад оролцогч нарт баяр хүргэн сертификатыг гардуулан өглөө.

Уг арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд үг хэлж, Монгол улсын 200 суманд хүргүүлэх хүчилтөрөгчийн баллон, дагалдах хэрэгслийн дээжийг Төв аймгийн Эрүүл мэндийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтуяа-д гардуулан өглөө. 

Тус сургалтыг онол дадлага хосолсон хэлбэрээр тогтмол зохион байгуулснаар Ковид-19 халдварын үеийн бэлэн байдлыг хангах, мэдлэг ур чадвар дараах чиглэлэлээр нэмэгдсэн. Үүнд:

1.            Амьсгалын замын эмгэгийн шинж тэмдэгтэй өвчтөний эмнэлзүйн эрэмбэлэн ангилалт, ялган оношилгоо, эрсдэлт бүлгийн хүмүүсийн гэрийн асаргаа, сувилгаа, хүндэрч буй өвчтөнийг шилжүүлэх зөөвөрлөх, халдварын хяналт, сэргийлэлт, хүчилтөрөгч зөөвөрлөлт, аюулгүйн ажиллагаа, хадгалах, тээвэрлэх, түргэвчилсэн хэт авиан шинжилгээ FAST үнэлгээ, уушгины хэт авиан аргачлалын чиглэлээр чадавхжсан.

2.            Сургалтын өмнө болон дараа нийт оролцогч нараас мэдлэг шалгах сорилыг авч мэдлэг, ур чадвар 51,2%-иар нэмэгдүүлсэн.

Нийт сургалтад оролцогчид гарын авлага, ханын хүснэгтээр 100% хангагдсан. 

 

НИЙТЭЛСЭН: 2022-09-12 00:00:00