Гамшгийн тухай ойлголт, гамшгийн үед илрэх сэтгэлзүйн хариу урвалууд түүний үе шатууд, гамшгийг даван туулах чадвар сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь 2022-2023 оны өвөлжилтийн зудын улмаас хариу арга хэмжээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ард иргэдийн сэтгэцийн тулгамдсан асуудал болон эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлж, сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Зудын гамшгийн үеийн сэтгэц – нийгмийн дэмжлэг үзүүлэх” сургалтыг 2023 оны 04 сарын 25-наас 26-ны өдрүүдэд бүсчлэн манай аймагт зохион байгууллаа. Тус сургалтад Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төлөөлөл болон Алтанбулаг, Баян, Цээл, Мөнгөнморьт, Угтаалцайдам, Баянчандмань, Заамар, Батсүмбэр, Баянжаргалан, Эрдэнэ сумдын эмч мэргэжилтнүүд болон Хэнтий аймгийн Хэрлэн, Батширээт, Баян – Овоо, Дэлгэрхаан, Өлзийт, Өмнөдэлгэр, Жаргалтхаан зэрэг сумын төлөөлөл нийт 20 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа. Сургалтын 2 дахь өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн эмч, мэргэжилтнүүд иргэдэд “Сэтгэц – нийгмийн дэмжлэг” үзүүлэх зорилгоор Эрдэнэ суманд ажиллаж сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлж ажиллах юм. Эрүүл мэндийн газар - Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэс
|