+976 - 70273346,    70273705
“БАГШ-ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-СУРГАЛТ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭМЯ, ЭМХТ, АШУҮИС-Сувилахуйн сургуультай хамтран ЭМГазраас 2024 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулсан “Багш-Шавийн эрдмийн уулзалт-сургалт”-ын хүрээнд “Төрөлжсөн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулья” 2 өдрийн 2 багц цагийн сургалтыг орчин үеийн чиг хандлага, олон улсын судлаачдын онолд үндэслэн төр, хувийн хэвшлийн 30 эрүүл мэндийн байгууллагын сувилагч нараас  авсан сургалтын хэрэгцээний саналын дагуу зохион байгуулснаараа онцлог юм.

Тус сургалтад Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын 27 эрүүл мэндийн төв, хувийн хэвшлээс Аржанчивлан, Өвөржанчивлан, Аргабилэг, Эх булаг сувиллууд, Зүмбэрэл сүмбэр, Урандент эмнэлгийн нийт 200 сувилагч, тусгай мэргэжилтэн хамрагдаж, багц цагаа хангалаа.

АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн эрдэмтэн багш: СУ-ны доктор, дэд профессор В.Даваахүү, СУ-ны магистр Л.Хишигдэлгэр,  СУ-ны магистр Ж.Энхмаа, СУ-ны магистр Л.Одгэрэл, АУ-ны доктор Х.Нармишээх, СУ-ны магистр Г.Цолмонтуяа,  АУ-ны магистр Х.Цэцэгсүрэн, АУ-ны магистр Ч.Энхтуул нарын бүрэлдэхүүнтэй баг багш шавийн эрдмийн уулзалтаараа Сувилахуйн удирдлага манлайлал, Сувилахуйн тусламжийн чанар аюулгүй байдал, Яаралтай тусламж буюу амилуулах суурь тусламж, Нярай, Хүүхэд, Ахмад настан, Насанд хүрэгчдийн төрөлжсөн сувилахуйн тусламж, үйлчилгээ болон сувилгааны үйл ажиллагааг онол, дадлага хосолсон сонирхолтой хэлбэрээр зааж, сувилагч, тусгай мэргэжилтний мэдлэг, хандлага, чадварыг дээшлүүлсэн бөгөөд эрдэмтэн багш нартаа аймгийнхаа 100 жилийн ойн дурсгалын бэлэг гардуулан хүндэтгэл үзүүллээ.

Эрүүл мэндийн байгууллагуудын Сувилахуйн багууд “Сувилагчийн зэвсэг” мэргэжлийн чухал мэдээллийг багтаасан кармааны номыг багш нараасаа худалдан авч оюундаа хөрөнгө оруулалт хийлээ.

Багш-шавийн эрдмийн уулзалтаар төр, хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагуудаас 2023 оны ажил үйлсээрээ шалгарсан Сувилахуйн 8 багийн цом гардууллаа.

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

 

НИЙТЭЛСЭН: 2024-04-23 14:26:15