+976 - 70273346,    70273705
ЦУСНЫ ДОНОРЫН ДЭЛХИЙН ӨДРИЙГ “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭСЭН 20 ЖИЛ-ЦУСНЫ ДОНОР ТАНД БАЯРЛАЛАА” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Өнөөдөр 06 дугаар сарын 14-ны билэгт сайн өдөр аймгийнхаа Эгэлгүй баатар-эрхэм донорууддаа хүндэтгэл үзүүлэн “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭСЭН 20 ЖИЛ-ЦУСНЫ ДОНОР ТАНД БАЯРЛАЛАА” уриан дор Цусны донорын дэлхийн өдрийг амжилттай зохион байгууллаа.

Энэ жилийн онцлог нь 20-н жилийн ойг тодотгохоос гадна, донорыг алдаршуулан, тэдний бэлэглэсэн цус олон сая үйлчлүүлэгчдэд амьдрал бэлэглэж байгааг онцлохыг зорьж ажиллалаа.

Цус сэлбэлт судлалын салбар нь эрүүл мэндийн салбарт онцгой үүрэг гүйцэтгэдэг салбар. Аймгийн Цусны салбар төв нь жилд 400-450 нэгж бүхэл цус цуглуулж, 850-880 орчим нэгж 7 нэр төрлийн цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэн, аймгийн Нэгдсэн эмнэлэг, 27 сумын эрүүл мэндийн төвүүдийг аюулгүй найдвартай цус цусан бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна.

Төв аймгийн Цусны салбар төв нь 582 донортой, тэдний 365 нь буюу 65% нь байнгын донорууд байдаг.

Нийт 80 хүндэт донортой. Үүнээс:

“Шударга журам” медальтай донор-1

100 буюу түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн “Мөнгөн донор”-1

70 буюу түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн “Хүрэл донор”-3 байна.

Энэ жил 35 ба түүнээс удаа цусаа бэлэглэсэн 4 донор шинээр “Хүндэт донор”-ын болзол хангаж, энэ өдөр үнэмлэх, энгэрийн тэмдгээ гардан авлаа.

Донор-Таны өгсөн цус нь цус сэлбүүлэх шаардлагатай өвчтөнүүдийн амь насыг аварч, тэдний амьдралын гол баталгаа болохын зэрэгцээ эх барих эмэгтэйчүүд, мэс засал, байгалийн гамшиг, осол гэмтлийн үед зайлшгүй шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангахад чухал ач холбогдолтой байдаг.

Дэлхийн олон улс орны цусны албуудад аюулгүй, чанарын шаардлага хангасан цус, цусан бүтээгдэхүүнийг хүртээмжтэйгээр нийлүүлэх нь тулгамдсан гол асуудал хэвээр байна. Иймд сайн дурын, авлагагүй цусны болон сийвэнгийн доноруудын хандив чухал байсаар байна. Сайн дураараа, авлагагүйгээр өгсөн сийвэнгийн бүтээгдэхүүн нь дархлал хомсдол, гемофили зэрэг өвчнөөр оношлогдсон хүмүүсийн амьдралын чанарыг дэмжих эмчилгээнд хэрэглэгдэж байна. Өнөөдрийн энэ сайхан өдөр Донорууддаа талархал илэрхийлж, аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн хамт олноос гарын бэлэг гардуулж, амттан, жүүсээр дайлж, Донор нартаа баярлаж байгаагаа илэрхийллээ. Нэгдсэн эмнэлгийн Эм зүйч Ану ая дуугаа өргөж, их эмч Бямбасүрэн өөрийн зохиосон шүлгээ уншиж, Хүн домог 2024 үндэсний наадмын хамтлаг бүжгийн Гранпри алтан медальт, Яргуй 2024 наадмын Цэцэрлэгийн насны гоцлол бүжгийн алтан медальт, Амжилтын Од медальт Хүмүүн цэцэрлэг Бүжин бүлгийн М.Энгүүн бүжиг бүжиглэж Донорууддаа хүндэтгэл илэрхийллээ. Өнөөдрийн бас нэг онцлог нь Шунхлай трейдинг ХХК-ны Өндөр дов салбарын Эрхлэгч Бямбасүрэн Донорууддаа баярлаж явдгаа илэрхийлээд 2 хүндэт донорт хүндэтгэл үзүүлсэн, мөн Зуунмод ротари Клубын удирдлагууд Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төвийнхөнд баяр хүргэж, хүндэтгэл илэрхийллээ. Төв аймгийн Хаан банкны Зуунмод салбар, Төрийн банкны Зуунмод салбар, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар, УБ Цахилгаан түгээх сүлжээ ХХК-Зуунмод дахь салбар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон маань байгууллага, хамт олноороо цусаа бэлэглэж, олон арван эрдэнэт хүний амь насыг аварсан сайхан үйлс бүтээж байгаад, аймгийн нийт иргэдийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлээд Та бүхний минь сайн үйлс бүхэн дэвшин дэлгэрэх болтугай гэсэн сайхан ерөөл айлтгая. Ард иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулсан сайн дурын авлагагүй цусны донорууддаа баярлаж талархсанаа илэрхийлээд ДОНОРУУД ТА НАР БОЛ ЭГЭЛ ЖИРИЙН БААТРУУД ШҮҮ гэдгийг дахин дахин хэлэхийг хүсэж байна. Донор -Таньд эрүүл энх, саруул сайхан бүгдийн дээдийг хүсэн ерөөе.

 

 

НИЙТЭЛСЭН: 2024-06-14 18:25:12