ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Эрүүл мэндийн яамнаас 2022 оныг “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ ЖИЛ”, аймгийн Эрүүл мэндийн газраас 2022 оныг “ЭРТ ИЛРҮҮЛЬЕ-ЭРТ ЭМЧИЛЬЕ” уриаг дэвшүүлэн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Энэ жилийн эрүүл мэндийн салбарын Удирдах ажилтны зөвлөгөөнийг 2 өдөр зохион байгуулсан бөгөөд эхний өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр эрүүл мэндийн салбарын удирдлагууд эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлж, цаашид шийдэх арга замыг 3 салбар хуралдаанаар зохион байгуулж, хэлэлцүүлэн нэгдсэн зөвлөмж гаргалаа. Хоёр дахь өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдөр Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулсан. Тус зөвлөгөөнд аймгийн удирдлагууд, эрүүл мэндийн салбарын нийт удирдлагууд оролцлоо. “Эрүүл мэндийн салбарын баримталж байгаа бодлого, анхаарах асуудлууд, 2022 оны зорилт” сэдвээр Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа илтгэл тавилаа.
Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар зөвлөгөөнд оролцож байгаа нийт эрүүл мэндийн салбарын удирдлагуудад баяр хүргэж үг хэлээд, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа багаж тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Нэгдсэн эмнэлэгт 14.0 сая төгрөгний нүдний иж бүрэн тоног төхөөрөмж, Баруун Зуунмод өрхийн Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин, нийт 26 сумын Эрүүл мэндийн төвүүдэд хүчилтөрөгч өтгөрүүлэгч, автомаксыг гардуулан өглөө. Мөн 2021 оны үйл ажиллагаагаар бусад эрүүл мэндийн байгууллагаа манлайлан ажилласан Нэгдсэн эмнэлэг, Баруун Зуунмод өрхийн Эрүүл мэндийн төв, Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн хамт олонд “Хүндэт өргөмжлөл”-өөр, тусламж үйлчилгээний үндсэн үзүүлэлт, хяналт шинжилгээ үнэлгээгээр бусдыгаа хошуучлан ажилласан Лүн сумын Эрүүл мэндийн төв, Цээл сумын Эрүүл мэндийн төв, Өндөрширээт сумын Эрүүл мэндийн төвүүдэд “Хүндэт өргөмжлөл” багаж тоног төхөөрөмжөөр, эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан удирдах ажилтнуудыг эрүүл мэндийн салбарын болон аймгийн шагналаар шагнан урамшуулав.
Зөвлөгөөнд амжилт хүсээд АЗДТГ-ын Нийгмийн бодлоыгн хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг “ Аймаг, орон нутагт баримталж байгаа бодлого, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа” сэдвээр илтгэл, Төв аймаг дахь ТАСЗөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Мөнхгэрэл “ТА-ны Ёс зүй- харилцаа” сэдвээр илтгэл мэдээлэл хийлээ. Аймгийн Засаг дарга, Засаг даргын Орлогч, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга нар нийт зөвлөгөөнд оролцогч эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар саналыг сонсож, харилцан ярилцлаа. Салбар хуралдаанаас гарсан нэгдсэн зөвлөмжийг танилцуулж, санал авч, баталгаажууллаа. Зөвлөгөөнийг албан ёсоор хаасны дараа Нэгдсэн эмнэлгийн Дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцаж, Нэгдсэн эмнэлгийн даргатай цаашид хамтран ажиллах гэрээ байгууллаа.
|