+976 - 70273346,    70273705
ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг аймгийн ЗДТГазар, аймгийн Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын холбоо, аймгийн ЭМГ хамтран 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг нийт 76 эрүүл мэндийн байгууллагаас 56 Эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаалтан, эмч нарын төлөөлөл “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн”-д оролцлоо.

Тус зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг нээж, аймаг, орон нутагт баримталж байгаа бодлого, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

“Эрүүл мэндийн салбарын баримталж байгаа бодлого, анхаарах асуудал”-ын талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа, “Төрийн үйлчилгээнд  Е-Mongolia цахим үйлчилгээг нэвтрүүлэх нь” сэдвээр аймгийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга С.Цогбаяр, “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, ЭМДҮЗ-ийн 2022 оны 01, 02 тоот тогтоолын тухай ойлголт” сэдвээр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Ц.Энхцэцэг, “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын шинэчлэл, цаашид хяналтын чиглэлээр хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны талаар  ЭЭХХЗГ-ын улсын байцаагч Э.Энхтуяа нар мэдээлэл хийлээ. Мэдээлэлтэй холбоотой асуултыг цаасан болон биечилсэн байдлаар авч, тухай бүрд нь хариултыг өгч ажилласан.

“Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрлийн цахим шинэчлэл” сэдвээр мэдээллийг аймгийн ЭМГ-ын ЭТХ-ийн дарга Б.Энхтуяа, “ХХЭМБ-ын статистик мэдээлэл” сэдвээр ЭМГ-ын УТСХ-ийн статистикч эмч, улсын байцаагч Н.Мягмарсүрэн мэдээлэл хийж, дээрхи мэдээллүүдтэй уялдуулан “ХХЭМБ-уудын тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх арга зам” сэдвээр хувийн эмийн сан,сувилал, хувийн эмнэлэг 3 хэсэгт хуваагдан ажиллаж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг баг тус бүр танилцуулж, нийт гарсан саналыг нэгтгэн зөвлөгөөнд оролцогчдод танилцуулан, холбогдох байгууллагуудад ЭМГ-ын даргын албан тоотоор хүргүүлэхээр шийдвэр гарсан.

Зөвлөгөөнд оролцогчид аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Дэмжих төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

НИЙТЭЛСЭН: 2022-04-26 01:51:27