+976 - 70273346,    70273705
“Хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-ны үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ.

Монгол улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг болох “Алсын хараа 2050” бодлогын баримт бичиг эрүүл мэндийн чиглэлээр үе шаттай хэрэгжүүлэх 3 зорилтыг дэвшүүлсэн бөгөөд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчилсний дараа биш өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маяг бүхий иргэнийг төлөвшүүлэн, эмнэлэгт суурилсан эрүүл мэндийн тогтолцооноос иргэний эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн тогтолцоог бий болгох, цаашид бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг баримтлан хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлж, хүндрэл нас баралтаас сэргийлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, иргэний эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаа түлхүү хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Ийм учраас Монгол улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс иргэн бүрийг “Хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-нд хамруулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж, нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр болж, үзлэгийг албан ёсоор эхлүүллээ.

Нээлтийн үйл ажиллагааг Төв аймгийн хэмжээнд 27 суманд нэгэн зэрэг эхлүүлсэн бөгөөд бүх сумд цахимаар холбогдон нээлтийн үйл ажиллагаанд оролцож, насанд хүрэгчид буюу 18-с дээш насны хүн амын үзлэгийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвд, 0-17 насны хүүхдийн үзлэгийг сумдын эрүүл мэндийн төв, Баруун-Зуунмод өрхийн эрүүл мэндийн төвд хийж эхэллээ. Мөн Нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр орон даяар эхлүүлж байгаатай уялдуулан Төв аймгийн 93332 хүнийг эрт илрүүлэг үзлэгт үе шаттайгаар хамруулах ажлыг зохион байгуулахаар аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын А/237 дугаар захирамжаар аймгийн ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, аймаг орон нутгийн удирдлагууд Алтанбулаг, Зуунмод сумын хүүхдийн үзлэг болон Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төв дээрх насанд хүрэгчдийн үзлэгийг албан ёсоор нээж, оролцлоо.

Төв аймгийн хэмжээнд жил бүрийн статистик мэдээг дүгнэн үзэхэд өвчлөл болон нас баралтын тэргүүлэх шалтгааны эхний 5 байранд зүрх судасны шалтгаант өвчлөл, хоол боловсруулах амын эмгэг, хорт хавдар, амьсгалын эрхтний тогтолцооны өвчлөл, гадны шалтгаант осол гэмтэл тэргүүлэх байрыг эзэлж байгаа бөгөөд халдварт бус өвчний тохиолдол жил бүр нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Иймд тус өвчлөлийг эрт үед нь илрүүлж, оношилж, хяналтад авч эмчилснээр тухайн өвчнөөр хүндрэх, улмаар нас барах тохиолдлыг бууруулах, өрхийн эдийн засагт учрах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.

Энэхүү үзлэгийг бид шат дараатай зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд анхан шатны эрүүл мэндийн байгууллагад 0-17 насны 32800 хүүхдийг, АНЭ-ийн Эрүүл мэндийг дэмжих төв болон Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад 18-с дээш насны 68786 иргэдийг хамруулахаар зохион байгуулалт хангасан. Насанд хүрэгчдийн үзлэгийг Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэмжих төвд зохион байгуулах хуваарийн дагуу 05 дугаар сарын 01-ний өдрөөс Зуунмод сумын иргэдийг үзлэгт хамруулж эхэлсэн бөгөөд үзлэгт хамрагдах иргэнд өрхийн эмнэлэг тухайн багийн Засаг даргаас албан ёсоор урилга хүргүүлсний дараа үзлэгт хамрагдах эрх үүсч үзлэгт орно. Мөн эрүүл мэндийн даатгалыг 2019 оноос хойш бүрэн төлсөн байх шаардлагатай юм.

Цаашид эрт илрүүлэг үзлэгийг амжилттай зохион байгуулж, өвчтэй илэрсэн иргэдийг хугацаа алдалгүй тусламж үйлчилгээнд хамруулан хүн амаа эрүүлжүүлэх ажлыг эрчимжүүлж ажиллах бөгөөд өнөөдрийн эрт илрүүлгийн үйл ажиллагаа бол энэ ажлын эхлэл болж байна.

 

 
НИЙТЭЛСЭН: 2022-05-01 06:23:57