“ШҮД УГААЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Эрүүл шүд-Эрүүл Зуунмод” аяны хүрээнд өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотноо "Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн"-ийг анх удаа зохион байгууллаа. Тайвань улсаас туршлага судлан шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оноос Монгол улсад хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тэмцээнд оролцсон сурагчид амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгээ үе тэнгийн найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах замаар шүдээ зөв угаах аргын талаар заах сургагч багшаар ажиллах юм. Тэмцээнд урилгаар Эрүүл мэндийн яам, АШУҮИС-н Нүүр ам судлалын сургууль, Улаанбаатар хот дахь Тайпейн Худалдаа Эдийн Засгийн төлөөлөгчийн газар, Монголын Шүдний ерөнхий эмч нарын Талст холбоо, аймаг орон нутгийн хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо. Тэмцээнд оролцож буй үе тэнгийн найзууддаа амжилт хүсч 4, 5-р сургуулийн авъяаслаг сурагчид мэндчилгээ дэвшүүлсэн. Хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв дадал хэвшүүлэх, шүдээ зөв угаахын ач холбогдлыг таниулах зорилгоор зохион байгуулж буй уг тэмцээнд Зуунмод хотын гурван сургуулийн 4-7 дугаар ангийн 20 багийн 160 сурагч оролцож, мэдлэг, чадвараараа өрсөлдсөн.
1-р байр: Хүмүүн цогцолбор дунд сургуулийн Н.Болорчимэг багштай 7г ангийн “The tooth fairy” баг шалгарч өргөмжлөл, алтан медаль, 1.000.000 төгрөг 2-р байр: 5-р сургуулийн Г.Ганцэцэг багштай 5б ангийн “Хамтдаа хичээе” баг шалгарч өргөмжлөл, мөнгөн медаль, 800.000 төгрөг 3-р байр: 5-р сургуулийн Б.Солонго багштай 7а ангийн “Royal smile” баг шалгарч өргөмжлөл, хүрэл медаль, 600.000 төгрөгөөр тус тус шагнаж урамшуулав Шилдэг эрэгтэй сурагчаар Хүмүүн цогцолбор дунд сургуулийн 7г ангийн сурагч Г.Цэнгэлбаяр шалгарч цом, 100.000 төгрөгөөр шагнаж урамшуулав Шилдэг эмэгтэй сурагчаар 5-р сургуулийн 5б ангийн сурагч Ц.Амин-Эрдэнэ шалгарч цом, 100.000 төгрөгөөр шагнаж урамшуулав. Ц.Амин-Эрдэнэ маань Монгол Улсад зохион байгуулагдсан Шүдний аварга шалгаруулах тэмцээний түүхэн дахь хамгийн өндөр оноо авлаа Тэмцээнд оролцсон 20 багш, 160 хүүхдэд АЗДТГ, Дэлхийн зөн Төв ОНХ-өөс гарын бэлэг гардуулсан юм. Хэдийгээр богино хугацаанд тэмцээндээ бэлтгэсэн ч оролцогч хүүхдүүдийн шүд, амны хөндийн эрүүл мэнд эрс сайжирсан үр дүн үзүүлж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан ирэх жилээс аймгийн хэмжээнд бүх сумдыг хамруулан зохион байгуулах, цаашлаад жил бүр уламжлал болгох талаар зохион байгуулагчид онцоллоо. Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг хамтран зохион байгуулсан ивээн тэтгэгч байгууллагууд, бусад төрийн болон төрийн бус байгууллагууд, төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд, багш нартаа талархал илэрхийлье
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
|