ЭМЧ НАРЫН ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРА
Олон улсын эмч нарын өдрийг угтан эмч, эмнэлгийн мэргэжилтний судалгааны ажил гүйцэтгэх чадавхыг сайжруулах зорилгоор 2024.03.28-ний өдөр эмч нарын онол практикийн хурлыг амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн хурлыг мэдрэлийн АКСИОН эмнэлэг ивээн тэтгэн, хамтран зохион байгуулж, Хүний гавъяат эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Жимбээгийн Бямбажавын нэрэмжит болгон “Салбарын хөгжилд-Бидний манлайлал” уриан дор зохион байгуулж АШУҮИС-ийн эрдэмтэн докторуудыг зочин шүүгчээр урьж судлаач эмч нарт үнэтэй зөвлөгөө өгснөөрөө онцлогтой байлаа. Онол практикийн бага хурлыг шинэлэг байдал, практик ач холбогдол, судалгааны арга зүй, боловсруулалт, бусдын судалгааг хуулбарлаагүй байх, эх сурвалж тодорхой байх, ёс зүйн зөрчил, алдаагүй байх, илтгэх ур чадвар зэрэг шалгуур үзүүлэлтийн дагуу шүүж шалгарууллаа. Урилгаар АШУҮИС-ийн АУС-ийн Мэдрэл судлалын тэнхимийн ахмад багш, Алт-Болд мэдрэлийн эмнэлгийн Захирал Монгол Улсын хүний гавьяат эмч, АУ-доктор, дэд профессор Д.Өлзийбаяр, АШУҮИС-ийн АУС-ийн Харшил судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-доктор, профессор С.Мөнхбаярлах, АШУҮИС-ийн АУС-ийн Мэдрэл судлалын тэнхимийн багш, АУ-доктор, дэд профессор Д.Бямбасүрэн нар оролцож АШУҮИС-ийн АУС-ийн Үе судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-доктор, дэд профессор Х.Чингэрэл, АШУҮИС-ийн АУС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-доктор, дэд профессор Б.Оюунтөгс нар шүүгчээр ажиллалаа. АНЭ-ийн Мэдрэлийн эмч С.Дүүриймаа нарын хамтарсан “Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт беллийн саа оношоор хэвтэн эмчлүүлэгчдийн эмнэл зүйн байдал, эмчилгээний үр дүнг үнэлсэн нь” судалгаа Тэргүүн байр, АНЭ-ийн хүүхдийн Зөвлөх эмч Н.Отгончимэг нарын хамтарсан “Төв аймгийн тав хүртэлх насны хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг судалсан нь / 2021-2023 он /” судалгаа Дэд байр, ЭМГ-ын хяналтын Улсын байцаагч Г.Мягмарсүрэн нарын "15-18 насны хүүхдүүдийн дунд бэлгийн замаар дамжих халдварт өвчний талаарх мэдлэг, хандлагыг тодорхойлох нь" судалгаа Гуравдугаар байр, АНЭ-Мэс заслын эмч Б.Тогтохбаяр “Ходоодны шархны цооролтын мэс заслын асуудал” судалгаагаар Тусгай байр, Эрдэнэсант сумын ЭМТ-ийн Хүүхдийн эмч Э.Атарцэцэг “Эрдэнэсант сумын 17-19 насны хүүхдүүдэд стрессийн түвшин үнэлэх, амьдралын хэв маягт нөлөөлдөг эсэхийг тогтоох нь” судалгаагаар Тусгай байр тус тус эзэллээ.
|