+976 - 70273346,    70273705
Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх байнгын ажиллагаатай аймгийн салбар зөвлөлийн 2-р хуралдааны мэдээлэл

 

 

Аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 25-ны өдрийн Байнгын ажиллагаатай зөвлөл байгуулах тухай а/38 тоот захирамжийн хавсралтаар батлагдсан Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх байнгын ажиллагаатай аймгийн салбар зөвлөлийн 2-р хуралдаан 2017 оны 05 сарын 02-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр  АЗДТГ-т зохион байгуулагдаж тус хуралд   Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, АЗДТГазрын болон албан газар, агентлагуудын удирдлагууд хамтран оролцлоо.

Эрчим хүчний дэд сайд н. Гантулга, Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн нарийн бичгийн дарга н. Жаргалсайхан, МХЕГ-ын ахлах байцаагч н. Уранчимэг, ОБЕГ-ын мэргэжилтэн н. Хишигбаяр, АМХГ-ын байцаагч Б.Батхуяг нар газар хөдлөлтийн үеийн эрсдлийн талаар сургалт семинар хийж  харилцан мэдээлэл солилцлоо.

Төв аймагт нийт 610 барилга байгууламж ашиглагдаж байгаа бөгөөд  нийтийн орон сууц, ерөнхий болосролын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үзвэр үйлчилгээний барилгад газар хөдлөлтийн эрсдлийн талаар хийсэн хяналт шалгалтаар бага эрсдэлтэй 58 хувь, дунд эрсдэлтэй 35 хувь, их эрсдэлтэй 7 хувь тус тус үнэлэгдсэн байна.

Эрүүл мэндийн байгууллагуудад хийгдсэн судалгаагаар 1970 оноос өмнө ашиглалтанд орсон барилга 7 хувь, 1970-1990 онд ашиглалтанд орсон барилга 36 хувь, 1990-2000 онд ашиглалтанд орсон барилга 8 хувь, 2000 оноос хойш ашиглалтанд орсон барилга 49 хувийг тус тус эзэлж байгаа бөгөөд  эдгээрээс 80 хувийг нь паспортжуулсан  байна.

Мэргэжилтнүүдийн судалгаагаар  1970 оноос өмнө ашиглалтанд орсон барилгуудыг газар хөдлөлтөнд тэсвэргүй хүн амьдрах шаардлага хангахгүй гэж үзэж цаашид газар хөдлөлтийн эрсдлээс сэргийлэх үзлэг,  хяналт, шалгалтыг мэргэжлийн байгууллагууд үргэлжлүүлэн хийхээр төлөвлөөд байна.

Мөн  газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх чиглэлээр  хийж байгаа  Япон улсын ажлын туршлагыг судалсан талаар  Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн нарийн бичгийн дарга н. Жаргалсайхан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Сургалт семинарын төгсгөлд Эрчим хүчний дэд сайд н. Гантулга дараах чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Үүнд:

1.    Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх төлөвлөгөөг 2017 оны 05 сард багтаан хийж баталгаажуулах

2.    2018 онд шаардлагатай хөрөнгө санхүүг одооноос төлөвлөх

3.    Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хурлаа улирал бүр хийж байх

4.    Орон сууц, сургууль, эмнэлгийн барилгын чанарын мэдээллийг дэлгэрэнгүй гаргах

5.    Ашиглалтын шаардлага хангасан барилгыг паспортжуулах

6.    Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх шуурхай удирдамж төлөвлөх

7.    Олон нийтийн сургалтын төвийг Онцгой байдлын газарт байгуулах

8.    Япон улсын туршлага судалсан материалыг байгууллагууд сургалтанд ашиглах

9.    ОБЕГ-ын цахим хуудсаар өгч буй мэдээллийг бүрэн ашиглах шаардлагатай талаар  сануулсан. 

НИЙТЭЛСЭН: 2017-05-04 17:04:34