ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Доктор Су Нюунт –У Төв аймагт айлчиллаа
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Доктор Су Нюунт –У болон албаны хүмүүс, ЭМЯамны холбогдох мэргэжилтнүүд, ХӨСҮТөвийн удирдлагууд Төв аймагт айлчиллаа. Ажлын айлчлалын гол зорилго нь Төв аймагт амжилттай хэрэгжиж дууссан “Сум, баг бүрт хүрч үйлчилье” төслийн үр дүнтэй танилцах, “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөр 2017-2021 “-ийн явц, хамтын ажиллагааны үр дүнтэй танилцах зорилготой байв. Ажлын айлчлалыг Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгууллаа. ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Доктор Су Нюунт–У болон тэдний баг хамт олонтой уулзах уулзалтанд аймаг, орон нутгийн удирдлага, ЭМГ-ын удирдлага холбогдох мэргэжилтнүүд, нийгмийн салбарын хамтран ажилладаг байгууллагын төлөөлөл нийт 40 гаруй хүн оролцлоо. Төв аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Сарангэрэл, Эрүүл мэндйин газрын дарга С.Мөнхтуяа, Борнуур СЭМТөвийн дарга С.Булганчимэг нар ДЭМБ - Төв аймгийн хамтын ажиллагаа, ДЭМБ-ын техникийн тусламжаар хэрэгжсэн “Сум баг бүрт хүрч үйлчилье” төсөл, “Эрүүл мэндийг тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөр 2017-2021 ”-ийн хэрэгжилтийн талаар илтгэл тавьлаа. Борнуур суманд “Эрүүл мэндийн мобайл технологийг хэрэгжүүлэх” төсөл амжилттай хэрэгжиж, нийлүүлэгдсэн эмнэлгийн багаж тоног төхөөрөмжөөр алслагдсан хүн амд хүрч үйлчилсэн талаар болон оношлогооны өндөр үр дүнтэй аппарат, тоног төхөөрөмжийн талаар мэдээллийг бодит үр дүнд тулгуурлан мэдээллэв. Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал ДЭМБ-ын суурин төлөөлөгч доктор Су Нюунт-У-г Төв аймагт оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж, аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнан урамшууллаа. Аймгийн Эрүүл мэндийн газар “Хүндэтгэлийн дэвтэр”-ийг анх удаа шинээр нээж, анхны хүндэт иргэн болох ДЭМБ-ын суурин төлөөлөгч доктор Су Нюунт У-гаар сэтгэгдэл бичүүлэн гарын үсэг зуруулах ёслолын ажлыг зохион байгуулав. ДЭМБ-ын суурин төлөөлөгч доктор Су Нюунт У- д аймгийн Эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмэр, техникийн хамтын ажиллагааг өндрөөр үнэлэн Монголчуудын дээдэлдэг дуут морин хуураа бэлэглэж, эмч нарын төлөөлөл аялгуут сайхан Монгол уртын дуугаар ая өргөж, мэндчилгээ дэвшүүллээ. ДЭМБ-ын суурин төлөөлөгч доктор Су Нюунт У хэлсэн үгэндээ нийт Төв аймагчуудад ажлын их амжилт ерөөж, ДЭМБ-аас уриалж байгаа “Хэнийг ч орхигдуулахгүй “ байх зарчмыг мөрдлөг болгож, цаашид нийгмийн салбарууд “Хүний сайн сайхны төлөө” хамтран ажиллахыг хүссэн юм .
|