ТӨВ АЙМАГТ БӨӨР ОРЛУУЛАХ ЭМЧИЛГЭЭГ АНХ УДАА ЭХЛҮҮЛЛЭЭ
Эрүүл мэндийн яам болон аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт гемодиалезын аппарат тоног төхөөрөмжийг хүлээн авч, бөөрний дутагдалтай үйлчлүүлэгчид орон нутагтаа түргэн шуурхай, цаг алдахгүй эмчилгээнд хамрагдах боломжтой болсныг мэдээллэж байсан билээ. Аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын их эмч, сувилагч, техникч нар эмчилгээг хийх сургалтанд хамрагдаж, үйлчлүүлэгчээ хүлээн авах бэлтгэл ажлаа хангаснаар өнөөдөр буюу 07 дугаар сарын 06-ны өдөр бөөр орлуулах эмчилгээний анхны үйлчлүүлэгчдээ хүлээн авч цус шүүх үйл ажиллагаа 2 үйлчлүүлэгчдэд амжилттай хийгдлээ. Дээрхи эмчилгээнд УНТЭ-ийн Гемодиализийн тасгийн сувилагч Гантогоо, техникч Ганбаяр нар ЭМГ-ын даргын урилгаар хүрэлцэн ирж Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, техникч нартай хамтран ажиллаж, гардан үйлдэл дээр сургаж дадлагажууллаа. Маргааш өглөө дахин 2 үйлчлүүлэгч бөөр орлуулах эмчилгээнд хамрагдах юм байна. Аймгийн хэмжээнд бөөрний архаг дутагдалтай, бөөр орлуулах эмчилгээнд хамрагдах шаардлагатай 48 иргэн байдгаас 18 нь УНТЭмнэлэгт, 30 нь хувийн хэвшлийн эмнэлгүүдэд эмчлэгддэг байсан бөгөөд одоо аймагтаа гэртээ ойр эмчилгээнд хамрагдах боломжоор хангагдлаа. Гемодиализийн аппаратаар хангасан ЭМЯам болон өнөөдөр манай аймагт ирж туршлагаа хуваалцан, хамтран ажилласан сувилагч, техникч нартаа аймгийн нийт иргэдийн өмнөөс баярлаж талархснаа илэрхийлэн цаашдийн ажилд нь өндөр амжилт хүсье.
|