ХҮҮХДИЙГ ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОХЫГ ДЭМЖИХ ДЭЛХИЙН 7 ХОНОГ
Жил бүрийн 8 дугаар сарын 1-7- ны өдрүүдэд Монгол Улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе” уриан дор зохион байгуулж байна. Эхийн сүү бол хүүхдийн анхны дархлаажуулалт, цор ганц төгс зохицол бүхий хоол тэжээл байдаг. Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмжих бөгөөд оюуны итгэлцүүр (IQ)-ийг 3-4 оноогоор дээшлүүлдэг. Эхийн сүүгээр хооллолт нь улс орны эдийн засагт шууд болон дам нөлөөтэй. Хүүхдийг эхийн сүүгээр хооллолсноор хүүхдийн өвчлөл багасч, улмаар тухайн улсын эрүүл мэндийн зардлыг бууруулах, мөн эхчүүдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зэргээр үндэсний хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой.
Түүнчлэн хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь дан ганц ээжүүдийн ажил биш юм. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд, гэр бүлийн гишүүд, ажил олгогч нар, цаашлаад бодлого тодорхойлогчид зэрэг олон хүмүүс эхийн сүүгээр хооллолтыг хөхүүлэн дэмждэг, урам зориг өгдөг байх хэрэгтэй. Тиймээс эхийн сүүгээр хооллолтын үр өгөөжийг зөвхөн хүүхэд төдийгүй улс орнууд хүртэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагууд, их, дээд сургууль, судалгааны хүрээлэн, бусад түнш байгууллагууд бүгд нэгдэн хамтдаа ажиллах шаардлагатай байна. Ингэхдээ эхийн сүүгээр хооллолтыг дэмжих улс төр, санхүү, хууль эрх зүй, олон нийтийн нөөц бололцоог зэрэг дайчилж чадвал, ээжүүд, хүүхдүүд, цаашлаад нийгэм тэр чигтээ үр өгөөжийг нь хүртэх болно. Улмаар хүүхдийг эхийн сүүгээр хооллолт нь 2030 он хүртэл хэрэгжүүлэх улс орон бүрийн Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад хүрэхэд чухал хувь нэмэр оруулна.
Ингэж буурах болсон нь олон шалтгаантай. Тухайлбал, гэр бүл болон ажлын байран дахь дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хууль бус импорт, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл бүхий зар сурталчилгаа нэмэгдсэн, эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн зөвлөгөө тусламж хангалтгүй, цаашлаад нийгэмд ядуурлын түвшин тууштай буурахгүй байгаа зэрэг нь эхчүүд төрөөд удалгүй ажилдаа эргэн орохоос өөр аргагүй байдалд хүргэж байна. Монгол Улсад эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль 11 жилийн өмнө батлагдсанаас хойш уг хуульд нэмэлт, өөрчлөлт хийгээгүйн дээр зохицуулж байгаа харилцаа нь өнөөгийн нөхцөлд бүрэн нийцэхгүй байсан билээ. Тэгвэл олон улсын жишигт нийцүүлэх замаар дээрх хуулийг шинэчлэн найруулж, 2017 оны 5-р сард Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль болгон баталснаар эхийн сүүгээр хооллолтыг дэмжих том алхам болсон. Ингэхдээ эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний экспортын шаардлага, ийм төрлийн бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэргийг шинэчлэн тусгасан. “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн энэ жилийн уриа агуулга нь эхийн сүүгээр хооллолтын дэмжиж ажиллах түншлэл, урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгож, бэхжүүлэхэд чиглэгдэж байна. Түүнчлэн, эхийн сүүгээр хооллолтод эмч, эмнэлгийн ажилчдын өгөх зөвлөгөө, дэмжлэг чухад болохыг тэмдэглэж, бүх аймаг дүүргийн жирэмсний хяналтын эмч, эх баригч, нярайн эмч, сувилагчдыг хамруулсан зайн болон танхимын сургалтуудыг энэ долоо хоногийн аяны хүрээнд төлөвлөөд байна. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, олон нийт, гэр бүл хамтдаа хүчин чармайлт гарган ажиллаж, ирээдүйн тогтвортой хөгжлийг авч явах эрүүл, саруул хойч үеийнхээ төлөө одооноос хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна. |