+976 - 70273346,    70273705
АШУҮИС-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС), Төв аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Төв аймгийн Эрүүл мэндийн газрын харилцан туслалцаа дэмжлэг, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор  “Хамтран ажиллах гэрээ”, Төв аймгийн эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, Сувилахуйн сургуулийн суралцагч нарын хамтарсан 3 талт  “Мэргэжилтэн бэлтгэх гэрээ”-г Төв аймгийн засаг дарга Ж. Батжаргал, АШУҮИС-ийн захирал Г. Батбаатар нар тус тус үзэглэлээ. Хамтын ажиллагааны гэрээ үзэглэх арга хэмжээнд Төв аймгийн засаг дарга- Ж.Батжаргал, Төв аймгийн Засаг Даргын Тамгын газрын дарга Ч.САРАНГЭРЭЛ, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн захирал, АУ-ны доктор, профессор Г.БАТБААТАР, АШУҮИС-ийн Боловсролын асуудал эрхэлсэн Тэргүүн дэд захирал, Доктор, профессор, академич Н.СҮМБЭРЗУЛ, АШУҮИС-ийн Эмнэлзүйн асуудал эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Д.ЗОРИГ, Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.МӨНХТУЯА нар оролцлоо.

Энэхүү Хамтран ажиллах гэрээний хүрээнд Анагаах ухааны чиглэлээр төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтад хамтран ажиллаж, орон нутагт дутагдалтай  эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэн, мэргэжил дээшлүүлж, давтан сургаж, аймгийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлж, чадавхижуулах, төв аймагт нэн шаардлагатай байгаа эмнэлгийн мэргэжилтнийг төгсөлтийн дараах сургалтад хамруулахад төлбөрийн 50% хүртэл хөнгөлөлт үзүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг гадаадад мэргэжил дээшлүүлэхэд дэмжих,  Анагаах ухаан, эм зүй, нийгмийн эрүүл мэнд, сувилахуйн чиглэлээр хамтран эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, онол практикийн бага хурлыг жил бүр Төв аймагт зохион байгуулах, аймгийн хэмжээнд  сувилагчийн хангалтыг нэмэгдүүлэн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилго бүхий “Сувилагч” аймгийн  дэд хөтөлбөрийн хүрээнд сувилагч мэргэжлийг сонгон амжилттай суралцаж байгаа оюутнуудын сургалтыг төлбөрийг 40%-иар хөнгөлөх зэрэг чухал заалтууд орсон ба аймгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг  шийдвэрлэх  хамтын ажиллагааны эхлэл болсон юм. Мөн АШУҮИС анх удаагаа  аймаг орон нутгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж буйгаараа онцлог үйл явдал боллоо.

НИЙТЭЛСЭН: 2017-10-23 11:25:49