+976 - 70273346,    70273705
“ЭРҮҮЛ НАСЖИЛТ, НАСТНЫ ЭРҮҮЛ МЭНД” ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО.

Улаанбаатар хотноо Геронтологийн үндэсний төвөөс “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний зөвлөлгөөн 2017.10.20-нд Эрүүл мэндийн яамны Б танхимд амжилттай зохион байгуулагдаж манай аймгаас Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, ЭТХ-ийн мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг, АНЭ-ийн ахмадын эмчээр сурч байгаа А.Шинэнаран нар оролцлоо. Уг зөвлөлгөөнөөр “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн I үе шатны хэрэгжилтийн тайлан, дэлхий дахины насжилтын чиг хандлага, настанд түлхүү тохиолддог эмгэгт хийсэн судалгаа, настанд чиглэсэн анагаах ухааны ёс зүй зэрэг илтгэлүүд тавигдсан бөгөөд тулгамдаж буй асуудлуудаа тодорхойлон хэлэлцүүллээ.

 

Мөн Дорноговь аймгийн ЭМГазрын НЭМХэлтсээс “Хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал”, Настанд ээлтэй ӨЭМТөвөөр шалгарсан Дорнод аймгийн Асралт үйлс эмнэлгийн илтгэл тавигдлаа.

Хөтөлбөрийн I үе шатны  хэрэгжилтэнд 21 аймаг, 9 дүүргийн ирүүлсэн тайланд дүгнэлт хийхэд санхүүжилтгүйгээс дорвитой үйл ажиллагаа хомс, урсгалаар өнгөрсөн, аймгууд ахмадын өргөө, төв байгуулахад төсөв хэрэгтэй гэсэн санал ирүүлсэн.

Цаашид “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” хөтөлбөрийн II үе шатны үйл ажиллагаанд салбар дундын оролцоог хангах, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах, ахмадын кабинетийг стандартын дагуу байгуулан, тэнд ажиллах ахмадын эмч, сувилагчийг бэлтгэх, тэдний ажлын байрны тодорхойлолтыг тодорхой болгох, настны чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх, нотолгоонд суурилсан цогц тусламж үйлчилгээг настны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хүргэх, сэргээн засах эмчилгээнд хамруулах, гэрийн эргэлтийг тогтмолжуулан гэрээр асран сувилах, настанд чиглэсэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах, орон нутгийн онцлогт тохирсон хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллахыг уриаллаа.

НИЙТЭЛСЭН: 2017-10-24 14:30:24