+976 - 70273346,    70273705
ХДХВ/ДОХ-ЫН АСУУДАЛД АНХААРЛАА ХАНДУУЛАХ ДЭЛХИЙН ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭ ТӨВ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах дэлхийн өдрийн хүрээнд залуучуудын дунд Бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд флаш моб бүжгийн тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээний Тэргүүн байрт “Хүмүүн цогцолбор” сургуулийн 12Б ангийн, Дэд байрт 11Б анги, 3 дугаар байрт 10Б ангийн хамт олон тус тус шалгарлаа.

Мөн тус арга хэмжээг угтан Төв аймгийн Зуунмод, Эрдэнэ, Заамар, Баянчандмань сумдын Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн оюутнуудын дунд “Дэвжээ” тэмцээнийг Эрүүл мэндийн газраас амжилттай зохион байгуулсан бөгөөд нийт 8 багийн 80 оюутан оролцсон байна. Тэмцээний шилдгүүд болох Эрдэнэ, Баянчандмань сумын МСҮТөвийн оюутнуудад энэ үеэр шагналыг нь гардуулж өгөв. Арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, Эрүүл мэндийн яамны Өсвөр үе залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Нинжбадгар, Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа нар оролцлоо.

Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл арга хэмжээг нээж үг хэлэхдээ Дэлхий нийтээр шинжлэх ухааны хөгжил дээд цэгтээ хүрээд байгаа хэдий ч эмчилж чадахгүй байгаа нэг өвчин бол ХДХВ/ДОХ юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин огт байхгүй ч өвчний талаарх бидний мэдлэг урьдчилан сэргийлэхэд гол нөлөөг үзүүлэх юм. Тиймээс хүн бүр хариуцлагатай байж аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэйг онцоллоо.

Мөн энэ өдөр Төв аймгийн Эрүүл мэндийн газраас Зуунмод суманд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, ААН, үйлчилгээний газруудаар Улаан туузны дор нэгдэх арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд Зуунмод, Эрдэнэ, Заамар, Баянчандмань сумдын МСҮТөвийн нийт 40 оюутнууд 4 хэсэгт хуваагдаж 1000 ширхэг тууз, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх зөвлөмж бүхий Улаан туузны учир утгын тухай мэдээллийг тарааж өглөө.

“Би сэргийлж чадна, Харин та..?” уриан дор энэ жил зохион байгуулсан БЗДХ, ХДХВ/ДОХ-ын эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан бусад байгууллагууддаа талархал илэрхийлье.

НИЙТЭЛСЭН: 2017-12-01 18:29:21