+976 - 70273346,    70273705
ЭМГЭНЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ИХ ТАВНАН ДАРЖААГИЙН ОЧИРБАТ

(1944-2017)

Бидний дотны хүн, эрүүл мэндийн салбарын чадварлаг удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Клиникийн профессор Даржаагийн Очирбат 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өвчний улмаас таалал төгсч, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Даржаагийн Очирбат нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг "Мөрөгцөг" хэмээх газар 1944 оны Бичин жилд малчин ард Дандарийн Даржаагийн отгон хүү болон мэндэлсэн.

Тэрээр 1965 онд Хэнтий аймгийн Өндөрхаан сумын 10 жилийн дунд сургууль, 1971 онд Анагаах ухааны дээд сургуулийг тус тус онц дүнтэй дүүргэж, ажлын гараагаа Дархан хотоос эхэлж, 1971-1973 онд Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалахын хэлтэст байцаагч, 1973-1975 онд Ариун цэвэр халдвар судлалын станцын дарга, 1975-1979 онд Гадаадын мэргэжилтэнд үйлчлэх тусгай эмнэлгийн дарга-ерөнхий эмч, 1979-1980 онд Эрүүлийг хамгаалах газрын дарга, 1980-1981 онд Эрүүлийг Хамгаалах Яамны Сайдын референт, 1981-1992 онд Төв аймгийн Эрүүлийг хамгаалахын газрын дарга, мөн Зуунмод хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дарга, 1992-1997 онуудад аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга-ерөнхий эмч, 1997-1999 онд Нийгмийн эрүүл мэндийн төвийн захирал, 1999-2009 он хүртэл Эрүүл мэндийн газрын дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж, нийт 38 жил эрүүлийг хамгаалах салбарт ажилласнаас Төв аймагт 30 жил тасралтгүй эрүүл мэндийн салбарын удирдах албан тушаалд томилогдон ажиллаж байлаа.

Алба хашсан хугацаандаа Дархан хот, Төв аймгийн Ардын хурлын депутатаар 6 удаа, аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн Зөвлөлийн тэргүүлэгчээр 3 удаа, Улаан Загалмайн хорооны даргаар 4 удаа төр түмнийхээ итгэлийг хүлээж, сонгогдон ажиллахын зэрэгцээ аймгуудын эрүүл мэндийн газрын дарга нарын хүндэт зөвлөхөөр ажиллаж, салбарын ажил үйлсээрээ улсын хэмжээнд олон жил манлайлан ажилласан шилдэг удирдагч байлаа. Мөн Монголын ахмад эмч нарын холбооны гишүүн, орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр  ажиллаж байлаа.

Даржаагийн Очирбат нь удирдах албан тушаал хашихын зэрэгцээ анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны чиглэлээр 10 гаруй томоохон эрдэм шинжилгээний бүтээлийг туурвиж, Төв аймгийн эрүүл мэндийн салбарын түүхийг мөнхлөн үлдээсэн гавьяатан билээ. Үүний сацуу нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд хамт олныхоо манлайлагч байж, цанын спортын дэд мастер, волейболын болон шатрын спортын 1 дүгээр зэрэгтэй шилдэг тамирчин байлаа.

Түүний эрүүл мэндийн салбарт оруулсан нөр их хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Эрүүлийг хамгаалах яамны Хүндэт жуухаар 4 удаа шагнаж байсан бөгөөд, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, Улсын иргэний Хамгаалалтын тэргүүний ажилтан, МУЗН-ийн Хүндэт тэмдэг, "Нигүүсэл" алт, мөнгөн медаль, МАНамын "Ахмад зүтгэлтэн", "Хүндэт тэмдэг", 90 жилийн ойн медаль, "Эх орны төлөө" медаль, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 800-н жилийн ойн медаль, Төв аймгийн "Хөдөлмөрийн аварга дарга", аймгийн "Хүндэт тэмдэг", "Зууны шилдэг удирдагч",  ЭМЯ-ны Хүндэт тэмдэг, аймгийн Иргэдийн хурал, Засаг даргын "Хүндэт өргөмжлөл", “Хөдөлмөрийн хүндэт” медаль, "Алтан гадас" одон зэрэг Төр засгийн шагналуудаар шагнагдаж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Клиникийн профессор” цол хүртэж, их сургуулийн хүндэт дэвтэрт мөнхрөн үлдсэн, төр нийгмийн зүтгэлтэн байлаа.

Тэрээр халамжит хань, хайрт эцэг, энэрэлт өвөө, итгэлт анд нөхөр, эрүүл мэндийн салбарынхны  өмөг түшиг, чадварлаг удирдагч, халамжлан хүмүүжүүлэгч, бидний багш, зөвлөгч байлаа.

            Талийгаачийн эх орноо гэсэн сэтгэл, хөдөлмөрч хичээнгүй, тууштай зарчимч, шудрага, ил цагаахан, энэрэнгүй, эрхэм нандин, тусч зан чанар, эгэл даруу гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн хань, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

УМ  САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.

 

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал,

Засаг дарга, түүний Тамгын газар

Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Засаг дарга, түүний Тамгын газар

Эрүүл мэндийн салбарын нийт хамт олон

НИЙТЭЛСЭН: 2017-12-22 13:37:21