“ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН АНАГААХЫН САЛБАРЫН ЭРДЭМТЭН БАГШ НАР ЛЕКЦ УНШЛАА
Аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын санаачилгаар жил бүр уламжлал болгон аймгийн хэмжээнд “Эх орончдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн “Эх орончдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Аймгийн ЗДТГазар, Эрүүл мэндийн газраас АШУҮИС-тай хамтран эрүүл мэндийн салбарын 100 гаруй эмч, ажилтан, албан хаагчид, Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн 10-12 дугаар ангийн химийн хичээл сонгон суралцаж буй 100 сурагчийг хамруулан лекцийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Тус лекцэд Төв аймгийн Лүн сумын харьяат АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор, МУ-ын гавъяат эмч, “American College of Surgeon”-ны 2017 оны шилдэг эрдэмтэн /2017 оны дэлхийн шилдэг 5 мэс засалчийн нэг/ О.Сэргэлэн “Мөрөөдөл биелдэг” сэдвээр, Анагаах ухааны доктор, профессор, Анагаах ухааны академийн гишүүн, АШУҮИС-ийн боловсрол эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Сүмбэрзул ““Даяарын эрүүл мэнд, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ” сэдвээр сонилхолтой илтгэл танилцуулж, залуус дүү нар, салбарынхаа эмч, ажилчдад ухаарал хайрлаж, мэдлэг, туршлага, амжилтад хүрсэн түүхээсээ хуваалцан ярилцлаа.
Энэ удаагийн лекц нь залуус, хойч үе, төрийн байгууллагын албан хаагчдын эх нутаг, эрхэлсэн ажил, түүх соёлоороо бахархах, төрт ёс, эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж, хоёргүй сэтгэлээр төрийн албанд хичээн зүтгэх, ёс суртахуун, монгол хүний бахархалыг сэргээх зорилгоор Төв аймгийн харьяат салбар салбартаа манлайлан ажиллаж буй ахмад буурал, эрдэмтэн багш нарын лекцийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. Лекцийн үйл ажиллагааг тохиолдуулан аймгийн ИТХ-ийн дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл нар эрдэмтэн багш нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор, МУ-ын гавъяат эмч, “American College of Surgeon”-ны 2017 оны шилдэг эрдэмтэн Оргойн Сэргэлэнг Төв аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
Тус лекцийн арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулах бөгөөд энэ удаагийн лекцийг аймгийн “Төв” телевиз бүрэн эхээр нь бичиж, эфирээр цацах бөгөөд хүрэлцэн ирж амжаагүй албан хаагчид, хүүхэд залуус, иргэд хөдөлмөрчид тус телевизээр үзэж сонирхох боломжтой юм.
|