Нарны алхалт - 2018 нээлтээ хийлээ.
Аймгийн ИТХТэргүүлэгчдийн тогтоолоор 2012 оноос аймгийн хэмжээнд долоо хоног бүрийн Лхагва гарагийг "Нийгмийн эрүүл мэндийн өдөр" болгон зарлаж, Засаг даргын 2017 оны 04 сарын А/217 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд "Нарны алхалт"-ын үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн. Үйл ажиллагааны хүрээнд 2017 онд Зуунмод сумын хэмжээнд 5515 иргэн, 26 сумын хэмжээнд 4250 нийт 9700 гаруй иргэд, албан хаагчдыг хамруулсан. Тэгвэл 2018 оны Нарны алхалтын үйл ажиллагааны нээлт өнөөдөр буюу 04 сарын 11-ний өдрийн 07:00 цагт аймгийн хэмжээнд нэгэн зэрэг нээлтээ хийлээ. Үйл ажиллагаанд 34 байгууллагын 482 иргэн, 15 сумын 896 иргэн нийт 1378 иргэн хамрагдаж, аймгийн Мөнх-Алдарын талбай - Одонт хөтөл - Соёл амралтын хүрээлэн гэсэн маршрутаар зохион байгуулагдлаа.
Үйл ажиллагааг аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар нээж, өмнөх оны 09 сараас энэ оны 04 сар хүртэл зохион байгуулагдаж байгаа Идэвхтэй хөдөлгөөн - Эрүүл мэнд бүжгийн арга хэмжээнд идэвхтэй оролцсон Ирээдүй цэцэрлэгийн хамт олонд Өргөмжлөл гардууллаа. Мөн аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн 105 сурагч Флашмоб бүжгийн үзүүлбэрээр мэндчилгээ дэвшүүлж, Соёл амралтын хүрээлэнд ЭМГ, АНЭ-ийн хоолзүйч, тогооч нар зохистой хооллолтын зөвлөгөө өгч, давсны хэрэглээг бууруулах талаар мэдээлэл хийн, оролцогсдод эрүүл хооллолтын жороор бэлтгэсэн өглөөний цайгаар үйлчиллээ. Цаашид арга хэмжээг аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан хуваарийн дагуу албан байгууллагууд идэвхжүүлэн зохион байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.
|