“ЭРЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД” НӨЛӨӨЛЛИЙН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Аймгийн ЗДТГ, ЭМГ хамтран “Эрчүүдийн эрүүл мэнд” сэдэвт нөлөөллийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих” 1 сарын аяны хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, байгууллага, ААН-ийн дарга нар, албаны бүсад хүмүүс нийт 45 хүн оролцлоо. Уулзалт хэлэлцүүлгийг нээж аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл үг хэлж, оролцогчдод амжилт хүслээ. Удирдамж, хөтөлбөрийн дагуу Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт, АНЭ-ийн Эрэгтэйчүүдэд үзүүлж буй тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, аймгийн Эрэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагаа, үр дүн, Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдал зэрэг илтгэл мэдээллүүд танилцуулагдан, эрчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.
Байгууллагууд өөрсдийн төлөвлөн хэрэгжүүлж буй үр дүнтэй, санаачлагатай ажлуудаа танилцуулан, цаашид дэмжин, дэлгэрүүлж ажиллах талаар асуудал дэвшүүлж байлаа. Үүнд: Аймгийн цагдаагийн газар байгууллагын эрчүүдийнхээ 60%-г унадаг дугуй хэрэглэдэг болгох зорилт тавин ажиллаж байна. Оролцогчид энэхүү хэлэлцүүлгийг цаг үеэ олсон, эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих хамгаалах чиглэлээр аймгийн хэмжээнд үр дүнтэй ажлууд хийгдэх эхлэл боллоо гэж дүгнэж байлаа.
Иргэд болон зорилтот бүлэгт чиглэсэн арга хэмжээг цаашид эрчимтэй зохион байгуулах, аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэргэжлийн эмч бэлтгэгдэж байгаа ба цаашид тусгайлсан кабинеттэй болох нь зүйтэй гэж үзлээ. Эрүүл мэндийн байгууллагууд эрчүүд олноор ажилладаг болон цэрэг, цагдаа, хүчний байгууллагуудад мэдээлэл сурталчилгаа, ухуулга нөлөөллийн үйл ажиллагаа явуулах Аймгийн хэмжээнд салбар дундын оролцоог хангасан, нэгдсэн төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангаж ажиллах зэрэг санал санаачлагууд гарч, хэлэлцүүлэг амжилттай өндөрлөлөө. |