+976 - 70273346,    70273705
Төв аймгийн эмч нар Дэлхийн эмч нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

        Дэлхий даяар 1933.03.30-ны өдрөөс эхлэн Дэлхийн эмч нарын өдрийг эмч нартаа талархах баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд манай улсад 1990-ээд оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлэх болсон байна. Манай аймгийн эрүүл мэндийн салбарт 1321 эмч, эмнэлгийн ажилчид ажиллаж байгаагаас 19% буюу 251 эмч, эмнэлгийн дээд мэргэжилтэн эзэлдэг. Үүнд 109 ерөнхий мэргэжлийн эмч, 108 нарийн мэргэжлийн эмч ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд ажилласаар байна. Энэ жилийн эмч нарын өдрийг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадвар, судалгаа шинжилгээ, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, хоорондын эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн газраас санаачлан Эрүүл мэндийн газар, Аймгийн Нэгдсэн эмнэлгээс бүрдсэн ажлын хэсэг томилогдон дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. 
1. Эрдэм шинжилгээний бага хурал
2019.03.27-нд Эрүүл мэндийн газарт зохион байгууллаа. Нийт 17 илтгэл хэлэлцэгдснээс АНЭ-ийн эмч Тогтохбаяр “Мэс заслын үр дүнд эмийн эмчилгээний нөлөөллийг судалсан нь” илтгэлээр нэгдүгээр байр, АНЭ-ийн их эмч Гүндсамбуу “Төв аймгийн өсвөр насны хүүхдүүдийн дунд гар утасны хэрэглээ болон бие бялдрын үзүүлэлтийг судалсан дүн” илтгэлээр хоёрдугаар байр, АНЭ-ийн их эмч Биханзрагчаа “Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт xenoscopy дуранг хэрэглэсэн үр дүн” илтгэлээр гуравдугаар байр, АНЭ-ийн их эмч Өлзийбаяр “Төрсний дараах цус алдалтын тусламж үйлчилгээний чанарын харьцуулсан судалгаа” илтгэлээр тусгай байранд тус тус шалгарлаа. 
2. Спортын тэмцээн
ЭМГ, АНЭ, ӨЭМТ-ийн ажиллаж байгаа болон ахмадуудаас бүрдсэн 160 гаруй эмч, эмнэлгийн дээд мэргэжилтнүүдийг хамруулан 10 багт хуваан тэмцээн зохион байгууллаа. Спортын 2 төрөлтөөр /гар бөмбөг, дартс/ явуулж нийлбэр оноогоор 1-р байранд Цэдэндаш ахлагчтай 6-р багийн хамт олон, 2-р байранд Уранбилэг ахлагчтай 4-р багийн хамт олон, 3-р байранд Өлзийбаяр ахлагчтай 8-р багийн хамт олон шалгарлаа.


3. “Эмч зөвлөж байна” богино хэмжээний видео бичлэгийн уралдаан 
Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, мэдээлэл сургалт сурталчилгааг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах, өвчлөл эндэгдлийг бууруулах зорилгоор 10 багийн дунд “Эмч зөвлөж байна” богино хэмжээний видео бичлэгийн уралдаан зохион байгуулж 1-р байранд Өлзийбаяр ахлагчтай 8-р баг /Нярайн оюуны хомсдолыг эрт илрүүлж, эмчлэх талаар/, 2-р байранд Оюун-Эрдэнэ ахлагчтай 7-р баг /Аюулгүй бэлгийн харилцаа буюу бэлгэвчний тогтмол хэрэглэж хэвших талаар/, 3-р байранд Батцэцэг ахлагчтай 1-р баг /Хүүхдийн шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр/-ууд 2 минутын видео бичлэгийг цахим орчимд нээлттэй тавьж хамгийн олон хандалт авсанаар нь шалгарууллаа. 
4. Яг түүн шиг цэнгээнт уралдаан 
Эмч нарын дунд хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх, урлагийн боловсрол олгох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор Монгол туургатан театртай хамтран 2019.03.22-ны өдөр Яг түүн шиг уралдааныг зохион байгуулсан Тэнгэр ээж минь өршөө /Увертюра, Чимэдцэеэ/ үзүүлбэрээр Оюун-Эрдэнэ ахлагчтай 7-р баг 1-р байранд, Бүтээнэ сөнөөнө /Хар сарнай/ үзүүлбэрээр Батцэцэг ахлагчтай 1-р баг 2-р байранд, Гуч хүрсэн бүсгүй /Шагай/ үзүүлбэрээр Цэдэндаш ахлагчтай 6-р баг 3-р байранд тус тус шалгарлаа.

НИЙТЭЛСЭН: 2019-04-09 08:22:16