+976 - 70273346,    70273705
АХУЙН ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ “МИНИЙ ГЭР АЮУЛГҮЙ ОРЧИН” 1 САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ

ДЭМБ-ын мэдээгээр нийт өвчлөлийн аравны нэгийг осол гэмтлийн өвчлөл эзэлж жил бүр 5.2 сая гаруй хүн осол гэмтлийн улмаас амь насаа алдаж байгаа бөгөөд 2020 онд осол гэмтлийн улмаас нас барах хүний тоо 8.4 саяд хүрэх магадлалтай байна.

Осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг эндэх ёсгүй эндэгдэл буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл хэмээн үздэг.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2017 оны статистик мэдээгээр нийт гэмтэгсэдийн 31.2% /26615/ нь орон гэртээ ахуйн осолд өртөж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол сүүлийн 5 жилд нас барсан тохиолдлын 34.8% нь буюу 3 хүн тутмын 1 нь гэр орон, ахуйн нөхцөлд осолд өртөж нас баржээ.

Төв аймгийн хувьд 2017 оны статистик мэдээгээр нийт гэмтэгсдийн 59% /624/ нь ахуйн осолд өртөж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол осол гэмтлийн нас баралтын 18% нь гэр орон, ахуйн нөхцөлд осолд өртөж нас барсан байна.

Иймд ахуйн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор  2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 02 дугаар сарын 28-ыг хүртэл “Миний гэр аюулгүй орчин” уриатай ахуйн ослоос сэргийлэх аяныг ЭМГ,  БСУГ, ГБХЗХГ, ОБГ, Зуунмод сумын ЗДТГ, АНЭ, УЗХороо тус тус хамтран зохион байгуулж байна. 

Аяны хүрээнд доорхи чиглэлээр үйл ажиллагааг аймгийн хэмжээнд зохион байгуулна.

  • Ахуйн осол гэмтлээс сэргийлэх чиглэлээр мэдээлэл сурталчилгааны ажлыг мэдээллийн сувгуудаар түгээх
  • Эрсдэлт хүчин зүйлийг үнэлэх, бууруулах талаар мэдлэг, хандлагыг өөрчлөх
  • Осол гэмтэлд өртсөн тохиолдолд анхны тусламжийг зөв үзүүлэх мэдлэг олгох
  • Ахуйн ослын эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагаа, оролцоог сайжруулах
  • Байгууллага, ААН-үүд албан хаагчид болон иргэдийг осол гэмтлээс сэргийлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах /Халтиргаа гулгаанаас сэргийлэх/

НИЙТЭЛСЭН: 2018-01-18 15:57:07