Жирэмсний хяналтанд орсноор жирэмсний тээлтийн хугацаанд үүсэж болох олон төрлийн эрсдлээс сэргийлэх боломжтой.
Жирэмсэн эмэгтэй 12 долоо хоногийн дотор жирэмсний хяналтанд орж анхны үзлэгийг хийлгэнэ.
Жирэмсний тээлтийн хугацаанд хэвийн явцтай жирэмсэн эх 6 удаа, өндөр эрсдэлтэй жирэмсэн эх 8 удаа үзүүлнэ.
Эрт буюу 12 долоо хоногийн дотор хяналтанд орох нь дараахь ач холбогдолтой. Үүнд:
-
Жирэмсний хугацааг хамгийн зөв тодорхойлно
-
Жирэмсний амралт авах хугацаа, төрөх хугацааг нарийвчлан тогтооно
-
Эхийн биед буй эрхтэн тогтолцооны эмгэгийг эрт оношилж, жирэмсний явцад хүндэрч амь насанд аюул учруулах эрсдэлтэй эсэхийг урьдчилан тогтоож, эмчилнэ
-
Жирэмсний бүх хугацаанд эхийн биеийн байдлыг нарийвчлан хянаж, жирэмсний эмгэг үүсч буй эсэхийг цаг алдалгүй оношилж эмчлэх боломж бүрдэнэ.
-
Хэрэв та энэ удаагийн жирэмслэлтийг хүсэхгүй эсвэл жирэмсний болон төрөлтийн явцад хүндрэл үүсч таны амь насанд аюул учирч болох эрсдэлтэй бол жирэмслэлтийг эрт хугацаанд, аюул багатайгаар шийдэх боломж бүрдэнэ
-
Хэвлий дэх ургийн өсөлтийг хянаж ургийн эмгэгийг эрт илрүүлж эмчлэхээс гадна төрсний дараахь нярайн эрт үеийн тусламжийг цаг алдалгүй үзүүлэх боломж бүрдэнэ
-
Залуу эцэг эхчүүдэд жирэмсний болон төрөлтийн явцад сахивал зохих эрүүл ахуйн дэглэмийг эзэмшихэд тустай
-
Төрөлтийн өвдөлтийг хөнгөвчлөх дасгал хөдөлгөөн бусад аргуудыг эзэмшинэ
-
Жирэмсэн эх болон түүний гэр бүлийнхэнд жирэмсэн үеийн хооллолт, ажил амралтын дэглэмийг зохицуулах, нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн талаар мэдлэг олгох ач холбогдолтой.