+976 - 70273346,    70273705
ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ГОЛОМТОД ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ

Шүлхий нь олон улсын мал, амьтны халдварт өвчний А ангилалд багтдаг вирүсийн шалтгаант гоц халдварт өвчин. Шүлхийгээр тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга зэрэг салаа туурайтан өвчилдөг. Өвчтэй мал, амьтнаас ялгарч байгаа өтгөн, шингэнээр вирүс ялгаран гарч малын хашаа саравч, ус, бэлчээр, эд зүйлсийг бохирдуулан богино хугацаанд олон мал, амьтан өвчлүүлэн дэгдэлт хэлбэрээр тархдаг. Мал амьтны дунд шүлхийн вирүсээр бохирлогдсон эд зүйлсээр дамжин шууд хавьтлын замаар халдвар тархдаг.

Шүлхийгээр өвчилсөн мал, амьтны ам, хамар, буйл, тагнай, завьж, хэл, дэлэн хөх, турууны салааны арьсанд үлхий, яршил үүсэх, доголох, халуурах, ус, тэжээлдээ дургүй болох зэрэг үндсэн шинж тэмдгүүд илэрч нус, шүлс гоожиж урсах шинж дагалддаг байна.

Шүлхий өвчний үүсгэгч вирүс нь голчлон салаа туурайтай амьтныг өвчлүүлэх, гадаад орчинд нэлээд тэсвэртэй бөгөөд дархлаа төрүүлэх чанараар нь 7 хэвшил /А, О, С, Ази-1, САТ-1, САТ-2, САТ-3/, 60 гаруй дэд хэвшилд хуваагддаг.

Уг вирүс нь хүчил, шүлтийн уусмалд тэсвэргүй, хлорын шохой, фенол, аммонийн нэгдэлд харьцангуй тэсвэртэй байдаг.

Өвчний голомтод тархвар судлалын тандалт хийж, дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

  1. Голомтын тархвар судлалын холбогдол бүхий зүйлс болон эх уурхайг олж тогтоон халдварын эрсдэлгүй болгоно.
  2. Голомтын хүн ам болон өвчтэй мал, амьтантай болон халдвартай байж болзошгүй эд зүйлстэй харьцсан хүмүүсийг илрүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг хийж, сэжигтэй тохиолдолд оношийг яаралтай тодруулан холбогдох арга хэмжээг авна.
  3. Голомтод ажиллаж, амьдарч байгаа хүмүүс, айл өрхүүдэд халдвараас сэргийлэх сурталчилгаа хийж, хорио цээрийн дэглэмийг чанд баримтлах, мал амьтантай харьцахдаа хувийн хамгаалах хэрэгсэл халад, амны хаалт, бээлий, хэрэглэж, гарын ариун цэврийг тогтмол сахиж санитол хэрэглэх, амны хөндийг 2%-ийн давсны болон сод, хоолой залгиурыг 0.7%-ийн тамедины уусмал, 1:5000 фурациллины уусмалуудын аль нэгээр өдөрт 2-3 удаа бүлээсгэн зайлах, гэр ахуй орчиндоо ариутгалын бодис хэрэглэх, сүү, мах, хоол хүнсийг сайтар болгож хэрэглэх талаар зөвлөгөө өгч, шүлхий өвчнөөс сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж, зурагт хуудас түгээн ажиллана.
  4. Голомтын байнгын болон эцсийн халдваргүйтгэл, устгалын үйл ажиллагаанд хяналт тавьж, халдваргүйтгэлд:
    1. Хүчиллэг бодис: /Жавелион, киллса, виркон С/
    2. Шүлтлэг бодис: /Сод/
    3. Исэлдүүлэгч уусмал: /3%-ийн устөрөгчийн хэт исэл/
    4. Хлорлог бодис: /Гипохлорид кальц, клорсепт/ гэх мэт бодисуудаас сонгон хэрэглэж болно.
  5. Өвчний голомтод нэвтрэх цэгийг ажиллуулж, дараах үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:
  6. Зорчигчдын арьс салстад цэврүү шарх гарсан, халуурсан эсэхэд эрүүл мэндийн хяналт тавьж, бүртгэл хөтлөн, анхан шатны бүртгэлд тэмдэглэж, биеийн ил хэсгийг санитол эсвэл содын 2%-ийн уусмалаар арчиж цэвэрлэнэ. Амны хөндий, хоолой залгиурыг 0.7%-ийн тамедины уусмал, 1:5000-ийн фурациллин, 2%-ийн содын бүлээн уусмалуудын аль нэгээр зайлуулна.
  7. Гутлын улыг жавелионы 0.2%-ийн уусмал шингээсэн даавуу бүхий замаар /2-Зм урттай/ гишгүүлж явуулан халдваргүйтгэнэ.
  8. Тээврийн хэрэгслийг 5%-ийн формалины бүлээн уусмалаар 1м2 талбайд 300 мл орохоор тооцож, тусгай зориулаптын битүү байранд +15 хэмтэй нөхцөлд формалины уураар 40 минут утаж халдваргүйтгэнэ.
  9. Автомашиныг гипохлорид кальци шингээсэн сүрэл, эсгий зэрэг дээр явуулж дугуйг халдваргүйтгэнэ. Үүний дараа тусгай талбайд зогсоож дугуй, гишгүүр, кабины шал зэргийг 0,1%-ийн жавелионы усмалаар шүршинэ.
  10. Зорчигчдын гадуур хувцсыг 4%-ийн содын уусмалыг ашиглан уур-камерын аргаар буюу дезокамераар халдваргүйтгэнэ.
  11. Голомтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар аймаг орон нутгийн захиргаа, онцгой байдал, мал эмнэлгийн болон бусад салбар хоорондын байгууллагуудтай мэдээ, мэдээлэл тогтмол солилцоно.
НИЙТЭЛСЭН: 2018-03-05 09:31:38