+976 - 70273346,    70273705
ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ЭСРЭГ ВАКЦИНААР ДАРХЛААЖУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2024 оноос эхлэн заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдийг хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулахаар Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс бэлтгэл ажлыг хангаж байна. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр аймгийн Эрүүл мэндийн газар, сумдын ӨЭМТ-ийн дарга, вакцинатор, ЕБС-ийн захирал, сургуулийн эмч зэрэг нийт 110 хүнийг хамруулан “Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах” сургалтыг зохион байгууллаа. Сургагдаж бэлтгэгдсэн мэргэжилтнүүд аймаг, орон нутагтаа хүний папилламовирусын халдварын эсрэг вакцин нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах, эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг мэдээ мэдээллээр хангах, иргэдэд вакцины талаар зөв мэдээ мэдээллийг хүргэх хүний нөөцийг сургаж бэлтгэх юм. Эцэг, эх, асран хамгаалагчид E-Mongolia нэгдсэн цахим портал үйлчилгээгээр дамжуулан хүүхдийнхээ ХПВ-ийн эсрэг вакцинд хамрагдсан талаарх лавлагаа мэдээлэл, тодорхойлолтыг авч болно. Манай улсын хувьд 2023 оны байдлаар 425 эмэгтэй Умайн хүзүүний хорт хавдраар оношлогдсон нь нийт оношлогдсон хорт хавдрын 4 дүгээрт, эмэгтэйчүүдийн дундах хорт хавдруудаас элэгний хавдрын дараа 2 дугаар байранд эрэмбэлэгдэж байгаа ба 2023 онд умайн хүзүүний хорт хавдрын улмаас 160 эмэгтэй эндсэн нь 2 өдөр тутамд нэг эмэгтэй нас барж байна гэсэн үг юм.

 

НИЙТЭЛСЭН: 2024-11-05 01:39:00