+976 - 70273346,    70273705
“АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР”-ИЙН ЯВЦЫГ АЙМГИЙН ИТХ-ЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Иргэдийн эрчимтэй шилжилт хөдөлгөөн,  газар тариалан, уул уурхайн үйл ажиллагаа, орчны бохирдол, осол гэмтэл зэрэг асуудлаас  үүдэлтэй эрүүл мэндийн олон тулгамдсан асуудлуудыг Аймгийн хэмжээнд тодорхой үе шаттайгаар, шийдвэрлэхийн тулд аймгийн Эрүүл мэндийн салбараас  Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, бусад салбар, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотойгоор хамтран ажиллаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд  хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг хэрэгжүүлж ажиллахаар “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх  Дэд хөтөлбөр”-ийг боловсруулж аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны 4 дүгээр сарын 04-ны өдрийн хурлаар хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хороо, ИТХ-ын Ажлын алба, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс зохион байгуулж, хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, ИТХ-ын Тэргүүлэгч, НБХ-ны дарга Б.Жаргалмаа, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа, Нэгдсэн эмнэлгийн дарга С.Оюунцэцэг болон ИТХ-ын НБХ-ны гишүүд, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн мэргэжилтнүүд, Зуунмод сумын ИТХ, ЗДТГ мөн аймгийн ЭМГ-ын мэргэжилтнүүд, төрийн бус байгууллага,  Зуунмод сумын иргэдийн төлөөлөл  оролцлоо.

Хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат нээж, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх  Дэд хөтөлбөр” боловсруулах болсон үндэслэл, аймгийн иргэдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, цар хүрээг танилцуулж, хөтөлбөрийн зорилго, чиглэл, онцлог байдал, зорилтууд, хүрэх түвшингийн талаар тодорхой мэдээлэл хийв. Эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, Дэд хөтөлбөрийн танилцуулга, хүрэх түвшингийн үзүүлэлтүүдтэй холбогдуулан хуралдаанд оролцогчдоос гарсан асуултад НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа нар товч тодорхой хариулт өглөө.

Аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооноос, хэлэлцүүлэгт оролцсон байгууллагууд, албан хаагчид, иргэдээс гарсан, хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээ, өвчлөлийн чиг хандлага, Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудад нийцүүлсэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалтыг оновчтой болгох, хүртээмж, чанарыг дээшлүүлэх, салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх, технологи мэдээллийг сайжруулахад чигэлсэн санал, зөвлөмжийг Дэд хөтөлбөртөө тусган аймгийн ИТХ-аар оруулахыг зөвшөөрсөн.

“Аймгийн эрүүл мэндийн салбарын тогтолцоог бэхжүүлэх Дэд хөтөлбөр”-тэй болж, хэрэгжиж эхэлснээр иргэдийн эрүүл аж, төрөх зан үйл төлөвшиж, салбар хоорондын хамтын ажиллагаа, гүйцэтгэх үүргийн цар хүрээ өргөсч, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, технологийн шинэчлэл сайжирснаар иргэдийн дунд өвчлөл буурч, Монгол хүний дундаж наслалт нэмэгдэх боломжийг бий болгоно.

 

НИЙТЭЛСЭН: 2017-04-06 16:21:00