+976 - 70273346,    70273705
“НӨХӨН ҮРЖИХҮЙН НАСНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ПРОГРАММ” НЭВТРҮҮЛНЭ

                    Аймгийн хэмжээнд хөдөлгөөнт хүн ам нэмэгдэж байгаатай уялдан сүүлийн жилүүдэд хяналтгүй жирэмсэн, төрсөн эх, 0-5 насны хүүхэд, гэрийн төрөлт, амьгүй болон дутуу төрөлт нэмэгдэх хандлагатай байгаа нь эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд ихээхэн хүндрэл учруулж байдаг.

            Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн судалгааны нэгдсэн маягт байхгүй, бүртгэлийг өөр өөрийн загвараар, бичиг хэргийн стандартын шаардлага хангахгүй, ихэнх нь гараар бичдэг. Шилжилт хөдөлгөөнийг бүрэн хянаж чаддаггүй. Улсын хэмжээнд энэхүү судалгааны нэгдсэн программ хангамж нэвтрээгүй.

            Эх, нярайн тусламж үйлчилгээ, жирэмсний хяналтыг сайжруулахад анхан шатны Эрүүл мэндийн байгууллагууд харьяа орон нутагт түр болон байнгын оршин суугч нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл, мэдээллийг сайжруулан, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох нь онцгой ач холбогдолтой байгаа нь энэхүү программ хангамж нэвтрүүлэх үндэслэл болж байна.

Программын гол зорилго нь аймгийн хэмжээний 23000 гаруй 15-49 насны эмэгтэйчүүдийн бүртгэл мэдээлэл, судалгааны нэгдсэн мэдээллийн сан үүсгэж,  жирэмсний хяналтыг сайжруулж, эх, нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулахад оршиж байна.

Энэхүү программыг нэвтрүүлэхэд аймаг орон нутгийн удирдлагаас сайшаалтай хүлээн авч, дэмжин, программын санхүүжилтийн асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэж өгснөөр “Алкемист Техноложис” ХХК-тай гэрээ байгуулж, программ хөгжүүлэлтийн ажил хийгдэж, хяналтын шатандаа буюу 70%-тай явж байна.

Өнөөдөр ЭМГ-ын сургалтын танхимд анхан шатны эрүүл мэндийн байгууллагад энэхүү программ дээр ажиллах эх баригч эмч, статистикч эмч нарыг сургах дадлага сургалтыг амжилттай зохион байгууллаа.

 “Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн нэгдсэн мэдээллийн сан, программ” аймгийн хэмжээнд нэвтрүүлснээр дараах үр дүн гарах юм. Үүнд:

  • Аймгийн хэмжээний нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг бүрэн хяналтанд авна.
  • Жирэмсэн болон төрсөн эх, нярай, НҮНЭ-ийн шилжилт хөдөлгөөнийг ЭМГ болон сум, өрхийн ЭМТөвүүд тогтмол хянах боломжтой болно.
  • Жирэмсэний хяналтын чанар сайжирч, эрт хяналтын хувь нэмэгдэнэ.
  • Эрт илрүүлэг үзлэгийн хамралт нэмэгдэж, зонхилон тохиолдох ХБӨ-ний өвчлөл эндэгдэл буурна.
  • Эрхтэн тогтолцооны эмгэгтэй 15-49-насны эмэгтэйчүүдийн хяналт сайжирч, эрүүлжилтийн хувь нэмэгдэнэ.
  • Эх, нярайн өвчлөл, эндэгдэл буурна.
  • Эрүүл мэндийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо, хариуцлага сайжирна.
НИЙТЭЛСЭН: 2018-03-28 18:22:03