ЭРДЭНЭСАНТ СУМЫН ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЖ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ
Эрдэнэсант сумын нутагт байрлаж хүүхдийн чиглэлээр эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй гүйцэтгэж байгаа “Анализбиосис” ХХК-ны “Сант Эх булаг” үүдэн эмнэлгийн үйл ажиллагаанд аймгийн Тусгай зөвшөөрөл олгох комиссын даргын баталсан удирдамжийн дагуу комиссын орлогч дарга бөгөөд ЭМГ-ын дарга С.Мөнхтуяагаар ахлуулсан баг газар дээр нь очиж үнэлгээ хийлээ. Тус үүдэн эмнэлэг нь 2014 онд эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын эрсдлийн явцын үнэлгээгээр 88.2%-тай үнэлэгдсэн байна.
“Сант Эх булаг” хүүхдийн үүдэн эмнэлэг нь Эрдэнэсант сумын 5 дугаар багт байрладаг, хувийн эзэмшлийн 33 м/кв талбайтай, 3 өрөө байранд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Өрөөнүүд байгалийн болон зохиомол гэрэлтүүлэгтэй, усан хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд холбогдсон. Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг бүртгэх, мэдээлэх үйл ажиллагааг холбогдох тушаалын дагуу зохион байгуулсан. Тусгай зөвшөөрлийн ЭХ-14/17/1762 дугаар бүхий гэрчилгээтэй, хүүхдийн оношлогоо, эмчилгээний тусламж үйлчилгээг амбулаторийн нөхцөлд хүүхдийн нарийн мэргэжлийн их эмч үзүүлж байна. 2014 оноос хойш нийтдээ 5780 хүнд үзлэг оношлогоо хийсэн байна. Мэдээ тайланг Сумын эрүүл мэндийн төв, аймгийн Эрүүл мэндийн газарт өгч ажилладаг байна. Тусламж үйлчилгээг амбулаторийн нөхцөлд үзүүлэх нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан нь нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжоор хангагдсан байна.
|