“НЯРАЙН ЭРТ ҮЕИЙН НЭН ШААРДЛАГАТАЙ ТУСЛАМЖ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Эрүүл мэндийн газраас Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн их эмч, Үндэсний сургагч багш Д.Өлзийбаяртай хамтран “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж” сэдэвт онол дадлага хосолсон ажлын байрны сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Угтаалцайдам сумын Эрүүл мэндийн төвд зохион байгуулж, Угтаалцайдам, Заамар, Баянчандмань сумын Эрүүл мэндийн төвийн нийт 30 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа. Сургалтыг Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Энхтуяа нээн ЭМС-ын 2014 оны 335 тоот тушаалаар батлагдсан Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний стратеги төлөвлөгөө /2014-2020/, “Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний чанарт ахиц гаргая” урианы жилийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа ажил болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулан сургалтад нь амжилттай суралцахыг хүслээ. Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг эрт үзүүлснээр нярайн сэхээн амьдруулалт болон ялангуяа нярайг амьсгалахад туслах чиглэлээр нярайн тусламжийг ихэнхидээ үзүүлдэг эмч эмнэлгийн ажилтнуудын ур чадварыг сайжруулах дадалд сургах зорилгоор сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтын үед амьсгалж байгаа болон амьсгалахгүй байгаа нярайд сэхээн амьдруулах анхан шатны тусламж үзүүлэх онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгуулсан.
Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж хэвшүүлснээр дараах ач холбогдолтой. · “Нярайн нэн шаардлагатай тусламж асаргааг хэрэгжүүлж, ээжийнх нь энгэрт тэврүүлж, арьс арьсаар байнга шүргэлцүүлж, малгай өмсгөж, ангир уургийг нь амлуулж, хөхөөр хооллосноор нярай нас барах эрсдлийг 22 хувиар бууруулах боломжтой байна. · Бидний хамтын хүчин чармайлт, тууштай зүтгэл НЭҮНШТ-ийг зөв үзүүлж хэвшсэнээр бид сая сая хүүхдийн амьдралыг сайжруулж, жил бүр нялхсын амь насыг аврах юм. · “Нярайн нэн шаардлагатай тусламж нь өртөг багатай, үр дүн маш өндөртэй. Дутуу болон өвчтэй нярай, кесар хагалгаагаар төрсөн нярай энэхүү тусламжийн авч чадахгүй байгаа сул тал байна. · Хэрэгцээгүй, үр дүнгүй эм, эмчилгээнээс татгалзах хэрэгтэй. · Нэг ч нярайг эхээс нь туст нь байлгахгүй байх нь чухал. Нэг ч нярайг нэн шаардлагатай тусламж асаргаанаас орхигдуулахгүй байх нь чухал” нярайн эрт үеийн тусламж үйлчилгээг сайжруулж, нярайг дулаан алдуулахгүй байлгаж, ангир уураг амлуулах нь хүүхдийн дархлааг сайжруулж, халдвараас сэргийлж, эрүүл чийрэг өсөлтийг хангах зардал багатай үр дүнтэй арга юм. Сургалтын өмнөх болон дараах сорил авч, багаар хамтран тохиолдол дээр ажиллуулж, дадлага сургуулалт хийлгэсэн.
Сургалтын дараа эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, хандлага 30%-иар дээшилсэн үр дүнтэй өндөрлөлөө. Цаашид Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний сургалтыг ажлын байранд бүсчилсэн хэлбэрээр тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.
|