ЗУУНМОД СУМАНД СӨҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙН ДУРЫН САНГИЙН ШҮДНИЙ НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАР ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ
Төв аймгийн Эрүүл мэндийн газар нь Сөүлийн эрүүл мэндийн сайн дурын сантай байгуулсан харилцаа, хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2 дахь жилдээ БНСУ-аас шүдний нарийн мэргэжлийн эмч нар, тоног төхөөрөмжийн инженер, сайн дурын ажилтнууд, орчуулагч нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй баг 2019 оны 07 дугаар сарын 08-10-ны өдөр хүртэл Зуунмод суманд ажиллалаа. Энэ удаагийн хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн газар, Сөүлийн эрүүл мэндийн сайн дурын сан, МУЗН хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт Эрүүл мэндийн оношилгооны төвийг нээж өгсөн. Сөүлийн эрүүл мэндийн сайн дурын сангаас шүдний эмчилгээний сандал-2, эхо, эмнэлгийн бусад хэрэгслүүд нийт 328.863.900 воны буцалтгүй тусламж үзүүлсэн.
ЭМГ, ХХҮГ, АНЭ, ӨЭМТ, Солонгос эмч нар хамтран Зуунмод сумын зорилтот өрхийн 223 хүүхдэд шүдний үзлэг оношилгоо, эмчилгээ, эрүүл ахуйн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулсан. Сайн дурын ажилтнууд хүүхдүүд, эцэг эх, асран халамжлагч нарт шүд угаах арга, амны хөндийн эрүүл ахуйн зөвлөгөө өгч, шүдний оо, сойз, гарын бэлэг тараасан. Монгол Солонгос эмч нарын дунд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулж, ажлын байрны сургалт хийснээр бие биенээсээ суралцах шинэ боломж нээгдсэн.
|