+976 - 70273346,    70273705
ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНЫ ҮР ДҮНГИЙН ТАНИЛЦУУЛГЫГ ЦАХИМААР ХИЙЛЭЭ

           2019-2020 онд Аймгийн хэмжээнд 15-65 насны иргэдийн дунд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалт, мэдлэг, дадал, хандлагын тодорхойлж тэдгээрийн хоорондын хамаарлыг судлах зорилгоор аймгийн ЭМГазар, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран судалгааны ажил хийсэн.

Энэхүү судалгааны үр дүнгийн мэдээлэл, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлээр 26 сум, төсөвт байгууллагын удирдлага, төрийн албан хаагч нар нийт 137 хүн оролцсон цахим мэдээлэл хийж,  аймгийн ЗДТГ-ын НБХэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, АШУҮИС-ийн НЭМ-ийн сургуулийн тэнхмийн эрхлэгч, философийн ухааны доктор Ц.Нямсүрэн, ЭМГ-ын НЭМХэлтсийн дарга Т.Гүрбазар, мэргэжилтэн Т.Нямсүрэн, М.Ганчимэг нар оролцлоо.

Судалгаанд оролцогчдыг санамсаргүй түүврийн аргаар сонгосон ба аймгийн хэмжээнд нийт 2834 иргэнээс судалгааны мэдээлэл цуглуулж, цусан дахь сахарын хэмжээг 1014 хүнд, холестриныг 498 хүнд тодорхойлсон юм.

Судалгааны үр дүнгээс харахад хүн амын 84,3% нь идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, хөдөлгөөний хомсдолтой бол 54,2% нь илүүдэл жин, таргалалттай байна. Төвийн таргалалтын хувьд эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээс 2,6 дахин их таргалалттай байна.

Судалгааны насны 4 хүн тутмын 1 нь архи, согтууруулах ундаа хэрэглэдэг, 5 хүн тутмын 1 нь  тамхи татдаг, гэртээ 10 хүн тутмын 4 нь, ажлын байрандаа 4 хүн тутмын 1 нь дам тамхидалтанд өртөж байна.

Хүн амын 21,6% нь жимс, хүнсний ногоо огт хэрэглэдэггүй, 10,7% нь давс хэтрүүлэн хэрэглэдэг эрсдэлт зан үйлтэй, 45,9% нь тээврийн хэрэгсэл жолоодох буюу машинаар зорчихдоо суудлын даруулга хэрэглэдэггүй эсвэл заримдаа хэрэглэдэг эрсдэлт зан үйлтэй.

Төв аймгийн хэмжээнд судалгаанд хамрагдсан нийт хүн амын дийлэнх буюу 66,1% нь халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлтэй, 17,1% нь өндөр эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдээс 3,5 дахин их байна.

Цаашид судалгааны үр дүнг үндэслэн бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, урьдчилан сэргийлж, эрт илрүүлэх, эрсдэлт зан үйл, амьдралын буруу хэв маягийг өөрчлөхөд нөлөөлөх үйл ажиллагааг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх юм.

АШУҮИС-ийн НЭМ-ийн сургуулийн тэнхмийн эрхлэгч, ФУ-ны доктор Ц.Нямсүрэн хэлсэн үгэндээ “хүний зан үйлийг өөрчлөхийн тулд тодорхой үе шатыг туулж, цаг хугацаа зарцуулдаг. Зан үйлээ өөрчлөх сэдэл төрүүлж, дараа нь тодорхой алхам хийхэд нөлөөлдөг ажил бол нийгмийн эрүүл мэндийн ажил байдаг, Төв аймгийн хувьд таргалалт, илүүдэл жин асуудал болсон байна, үүнийг хэлээд орхих биш, зөв үйлдэл хийх, зөв сонголт хийхэд нөлөөлөх нь чухал юм” гэлээ.

 

НИЙТЭЛСЭН: 2021-01-22 03:30:46