+976 - 70273346,    70273705
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /COVID-19/-ААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ СУМ, БАГИЙН ЭМЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ

Улсын хэмжээнд 2021 оны 43-р долоо хоногт коронавируст халдварын нийт 34,204 шинэ тохиолдол (өмнөх долоо хоногт n=41,838) бүртгэгдэж, долоо хоногт бүртгэгдсэн тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад буурсан байна. 2021 оны 10 дугаар сарын 23-аас 10 дугаар сарын 29-ний өдрүүдэд бүртгэгдсэн батлагдсан тохиолдлын тоо өдөрт дунджаар 4,886 байсан нь өмнөх 7 хоногоос 1091-р буурсан байна. 2021 оны 10-р сарын 26-нд 6,151 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн нь тухайн долоо хоногийн нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдлын тоо байна.  Мөн батлагдсан тохиолдлын долоо хоногийн хөдөлгөөнт дундаж буурсан байна.

Өвчлөлийн түвшин Улаанбаатар хотод 100,000 хүн амд 1077.8 (-248.5) болж буурсан, Төв аймагт 100,000 хүн амд 1176.4 (+173.6), Орхон аймагт 100,000 хүн амд 369.2 (+75.0), Говьсүмбэр аймагт 100,000 хүн амд 2299.0 (+72.2) болж өссөн байна.

43-р долоо хоногт 79 коронавируст халдварын нас баралт бүртгэгдэж мэдээлэгдэн нийт нас баралт 1649 болсон.  Үүнээс Архангай 1, Булган 2, Говь-Алтай 1, Говьсүмбэр 2, Дархан-Уул 3, Дорнод 1, Завхан 1, Орхон 3, Өвөрхангай 1, Сэлэнгэ 3, Сүхбаатар 1, Төв 4, Ховд 1, Хөвсгөл 6, Хэнтий 3, аймаг орон нутагт нийт 33, Улаанбаатар хотод 46 нас баралт мэдээлэгдсэн байна.

 

Монгол Улсын Засгийн газар, Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, сумын Эмч мэргэжилтнүүдийн холбооноос олон талт арга хэмжээг цаг алдалгүй, үе шаттай авч хэрэгжүүлж байгаа ч алслагдан сум, багийн түвшинд үйлчилгээ үзүүлж буй анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдэд  цар тахлаас урьдчилан сэргийлэх, тандах, нэн шаардлагатай тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэх чиглэлийн мэдээлэл хангалттай хүрч байгаа боловч, журам зааврыг хэрхэн хэрэгжүүлэх, өөрийгөө хэрхэн хамгаалах, бэлэн байдлаа хангах, хүн амд эрсдлээс сэргийлэх мэдээлэл түгээх, зөвлөгөө өгөх арга зүй дутмаг, шаардлагатай үед тохирох хариу арга хэмжээ авах дадлага, чадвар хангалтгүй байсаар байна.

Сумын эмч нарыг сургаж байгаа одоогийн тогтолцооны хүртээмж, хангалтгүй, дадлагажуулах, хүн бүртэй ажиллах боломж хомс учир тэдэнд байнгын тогтмол мэдээлэл, арга зүйгээр хангах асуудал чухал байгааг онцлон харж, сумын Эмч мэргэжилтнүүдийн холбоо санаачлан, Глобаль сангийн санхүүжилтээр сургалтыг зохион байгуулахаар болсон нь цаг үеэ олсон чухал ажил байсан.

 

 Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу сургагч багш Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга ахлан сургагч багш Анхан шат, яаралтай тусламж хариуцсан мэргэжилтэн, Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвийн дарга, Заамар сумын Эрүүл мэндийн төвийн дарга нар хамтран “Коронавируст халдвар /COVID-19/-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 03-04-ны өдрүүдэд Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд онол, дадлага хосолсон сургалтыг  зохион байгууллаа. Тус сургалтад 26 сумын Эрүүл мэндийн төвийн дарга, их эмч, багийн эмч нийт 78 эмч, эмнэлгийн  мэргэжилтнүүд хамрагдсан.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Орлогч Ц.Буманбуян, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа, аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Н.Энхтайван нар оролцож, сургалтыг нээж ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа үг хэллээ. Сургалтын үйл ажиллагааг нээж ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа хэлсэн үгэндээ”..... Эрүүл мэндийн салбарын ажил бол өвчнийг анагаах гэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх, нэн ялангуяа салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй юм” гэж онцлон тэмдэглэв.

Сургалтад амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүлж аймгийн Засаг даргын Орлогч дарга  үг хэлсэн ба тэрээр хэлсэн үгэндээ “.....цар тахлаас үүдэлтэй хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудал зөвхөн Монгол улсад төдийгүй дэлхийн бүхий л улс оронд тулгамдсан асуудлын нэг болж байна. Ийм ч учраас сумын Эмч мэргэжилтнүүдийн холбоо санаачлан, Глобаль сангийн дэмжлэгтэйгээр цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, эмчлэн эрүүлжүүлэх, халдварын дараа авах арга хэмжээг өнөөдрийн мөрдлөг болгож байгаа түр заавар, тушаал, шийдвэрийн хүрээнд   сургаж дадлагажуулж байгаа нь эмч ,мэргэжилтний ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх арга хэрэгсэл, ард түмнийг аюулт өвчнөөр хүндрэх эрсдлээс сэргийлэх чухал сургалт болж байна .” гэж онцлон тэмдэглэсэн.

 

Коронавирусийн халдвар /COVID-19/-ын болзошгүй тохиолдлын үед урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг цаг алдалгүй тогтмол авч хэрэгжүүлж чадах чадавх бүхий эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх, ЭМС-ын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Шинэ коронавируст халдвар /ковид-19/-ын оношилгоо, эмчилгээний түр заавар шинэчлэн батлах тухай” А/549 тоот тушаалын хэрэгжилтийг сайжруулах, хариу арга хэмжээний багийг багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг сургалтыг зохион байгуулсан.

 Тус сургалтаар ЭМС-ын А/456, А/549 тоот тушаалын дагуу коронавируст халдвар /ковид-19/-тай өвчтөнг эрэмбэлэх,  эмчилгээ, оношилгоог цаг тухай бүрт оновчтой хийх, тандалт, хариу арга хэмжээ авах  мэдлэг чадвар нэмэгдсэн.

БЭЛТГЭЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

1.    Оролцогчдын 2 өдрийн цайг өглөө, өдрөөр бэлтгэж, гэрээт байгууллагад захиалж, сургалтад хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд цаг тухай бүрд нь өгч ажилласан.

2.    Сургалтын үеэр хэрэглэгдэх бичиг хэргийн материал, холбогдох тушаал шийдвэрийг олшруулан тараасан.

3.    ЭМГ-аас 2 ажилтан,  Эрүүл мэндийн төвөөс 2 эмнэлгийн мэргэжилтэн  сургалтын зохион байгуулалт, багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажилласан.

4.    Сургалтын үйл ажиллагааг сумын Эмч мэргэжилтнүүдийн холбооноос бэлтгэгдсэн сургагч багш ЭТХ-ийн дарга, мэргэжилтэн, 2 сумын Эрүүл мэндийн төвийн дарга нар удирдан зохион  байгуулсан.

5.    Сургалтын баннерийг хийж, 2 өдрийн сургалтад тогтмол байршуулж ажилласан.

6.    Сургалтанд оролцогчдыг мэдээллээр тогтмол ханган хамтран ажиллаж, оролцогчдод олгох бичиг хэргийг бэлтгэн, шаардагдах тоо хэмжээгээр тараан, асуусан асуулт, нэмэлт тодруулгыг тухай бүрд нь шийдвэрлэн ажилласан.

 

 

СУРГАЛТЫН ОЛОЛТТОЙ ТАЛ:

1.    Сумдын хариу арга хэмжээний баг ЭМС-ын сайдын тушаалын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх нэгдсэн нэг ойлголттой болж, коронавирус халдвар /ковид-19/-тай өвчтөнд тусламж үзүүлэх үеийн мэдлэг нэмэгдсэн.

2.    Хэдийгээр цар тахал дэлгэрсэн, өвчлөл өндөр байгаа боловч сум бүрээс сонгогдсон сумын Эрүүл мэндийн төвийн дарга, их эмч, багийн эмч нар бүгд 100% хамрагдсан.  

3.    Хариу арга хэмжээний баг сумандаа коронавирусийн халдвар /COVID-19/-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ хэрхэн авах, тус халдвараас иргэд, олон нийтийг хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, хандлага сайжирсан.

4.    Коронавируст халдвар /ковид-19/-ын дараах хам шинж үед үзүүлэх тусламж үйлчилгээ, нотолгоонд суурилсан үзлэг, оношилгоо, эмчилгээ, хяналтын талаар шинэ мэдээллийг авч нэгдмэл ойлголттой болсон.

5.    Коронавируст халдвар /ковид-19/-т өвчтөнийг эрэмбэлэн ангилах, эрсдлийг илрүүлэх, эрт сэрэмжлүүлгийн үнэлгээг үнэлэх,  оношилгоо, эмчилгээний талаарх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар нэмэгдсэн.

6.    Тохиолдолд суурилсан асуулт хариултыг зохион байгуулж, ПГУ, түргэвчилсэн шинжилгээнд дүгнэлт хийж, өөрчлөлтийг үнэлэх эмч нарын мэдлэг, чадвар сайжирсан.

7.    Коронавируст халдвартай өвчтөний сэтгэл зүйг үнэлэх, тусламж  үйлчилгээнд хамруулах арга барилд суралцсан.

8.    Сургалтын дараа 26 сумын Эрүүл мэндийн төвүүдэд коронавируст халдвар Ковид-19 цар тахлын үед нэн шаардлагатай байгаа багаж тоног төхөөрөмжийг орон нутгийн удирдлагууд гардуулан өгсөн.

9.    Сургалтын талаар орон нутгийн TBS телевизэд ярилцлага өгч, сургалтын талаар ард иргэдэд сурталчилсан.

Цаг үеэ олсон менежмент сайтай, мэдээлэл сайтай сайн сургалт болсон.

НИЙТЭЛСЭН: 2021-11-22 02:40:31