“ХҮҮХДЭД ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН, COVID-19 ХАЛДВАРЫН ЗАРИМ АСУУДЛУУД” СЭДЭВТ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Эрүүл мэндийн яам, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, ЭМЯ-ны дэргэдэх эмнэлзүйн зөвлөх багийн гишүүд, Төв аймгийн Эрүүл мэндийн газар хамтран “Хүүхдэд зонхилон тохиолдох томуу, томуу төст өвчин, COVID-19 халдварын зарим асуудлууд” сэдэвт бүсчилсэн сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 28-наас 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Төв аймгийн Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Төв аймгийн Эрүүл мэндийн газар, Аймгийн Нэгдсэн эмнэлэг, 27 сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн нийт 88 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд онол дадлага хосолсон сургалтыг зохион байгуулсан. Сургалтыг нээж ЭМГ-ын ЭТҮХ-ийн дарга Б.Энхтуяа үг хэлж, сургалтад амжилт хүслээ.
Сургалтын зорилго нь ЭМС-ын 2018 оны А/489, 2022 оны А/33 тоот тушаалын хэрэгжилтийг сайжруулах, Төвийн болон говийн бүсийн аймгуудын онцлог байдалд тулгуурлан Хүүхдийн эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж, Томуу, томуу төст өвчин, Ковид-19 халдварын тусламжийн үеийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг сургалтыг зохион байгууллаа. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Чанарын албаны дарга АУ-ны магистр, клиникийн профессор, хүүхдийн зөвлөх зэргийн эмч А.Оюунчимэг, Амьсгалын эрхтэний эмгэг судлалын тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, клиникийн профессор, хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч О.Солонго нар сургалтыг гардан зохион байгуулсан.
Сургалтын эхний өдөр сургагч багш нар Томуу, томуу төст өвчин, СОVID-19 халдвар, уушгины өвөрмөц бус эмгэгүүд, хүүхдийн дархлаа тогтолцоо, хүүхдийн амь тэнссэн төлөвийн үед үзүүлэх яаралтай тусламж, эрчимт эмчилгээний талаарх шинэ мэдээлэл болон Хүүхдийн эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламжийн ДЭМБ-ын шинэчилсэн удирдамжийн онолын сургалтыг зохион байгууллаа. Сургалтын 2 дах өдөр сургагч багш нар хүүхдийг эрэмбэлэн ангилах, үнэлэх, яаралтай тусламж болон амилуулах тусламж үзүүлэх, бэлэн байдал хангах, хүчилтөрөгч эмчилгээ хийх сэдвээр гардан үйлдэл хийж, тохиолдолд суурилсан эмнэлзүйн хамшинжүүд, хүүхдэд тохиолдсон эмнэлгийн тусламж үйлчилгээний алдаа-тохиолдлын жишээнүүд дээр ажиллан алдаа-тохиолдолд суурилсан ажлын байрны дадлага сургалтыг зохион байгууллаа. Сургалтын эхэнд болон сургалтын дараа нийт оролцогч нараас мэдлэг шалгах сорилыг авч, сургалтын үр дүнг тооцон ажилласан. Сургалтын эхэнд нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хүүхдийн тусламж, үйлчилгээний талаарх мэдлэг 33.4%-тай үнэлэгдсэн бол сургалтын дараа 85.1%-тай үнэлэгдэн 51.7%-иар нэмэгдүүлсэн үр дүнтэй сургалт боллоо.
Үр дүн: Хүүхдэд тохиолдох Томуу, томуу төст өвчин, СОVID-19 халдвар, уушгины өвөрмөц бус эмгэгүүд, хүүхдийн дархлаа тогтолцоо, Өвчтэй хүүхдийг эрэмбэлэн ангилах, үнэлэх, яаралтай тусламж болон амилуулах тусламж үзүүлэх, бэлэн байдал хангах, хүчилтөрөгч эмчилгээ, Тохиолдолд суурилсан эмнэлзүйн хамшинжүүд, хүүхдэд тохиолдсон эмнэлгийн тусламж үйлчилгээний алдаа-тохиолдлын жишээнүүд дээр ажиллан алдаа-тохиолдолд суурилсан ажлын байрны сургалтуудад хамрагдсанаар мэдлэг 51.7%-иар нэмэгдсэн.
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
|